ОХУ, Азербайжан, Иран терроризмтой хамтран тэмцэх арга хэмжээ боловсруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАКУ. /TASS/. ОХУ, Азербайжан, Ираны төрийн тэргүүн нар Баку хотноо гурван талын уулзалт хийж, терроризмын тухай харилцан мэдээлэл солилцож, үүнтэй хамтран тэмцэх арга хэмжээ боловсруулахаар тохиролцлоо. Тэд хамтарсан мэдэгдэл гаргаж, гарын үсэг зуржээ.
Төрийн гурван тэргүүн хамтарсан мэдэгдэлдээ терроризмын бүх хэлбэрийг эрс буруушаагаад, нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцох хоёр болон гурван талт хамтын ажиллагаа явуулах болон терроризмтой тэмцэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ.
Мөн тэд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Ерөнхий Ассамблейн баталсан тогтоолууд, тэр дундаа Ираны санаачилсан “Хүчирхийлэл, хэт давруу үзлийн эсрэг дэлхий” нэртэй тогтоолын ач холбогдлыг мэдэгдэлд онцолсон байна.
Үүнээс гадна терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины хууль бус наймаа, хүний наймаа болон мэдээлэл технологийн гэмт хэргүүдтэй тэмцэхэд чиглэсэн хамтарсан арга хэмжээ авахыг төрийн гурван тэргүүн олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
Бүс нутгийн хамтын ажиллагаанд саад учруулж буй асуудал бол бүс нутаг дахь мөргөлдөөн бөгөөд үүнтэй холбогдуулан тэд, “тухайн бүс нутгийн мөргөлдөөн болон хямралтай нийцүүлэн гаргасан шийдвэр, баримт бичиг болон олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчимд үндэслэн хэлэлцээ хийх замаар мөргөлдөөнийг яаралтай зохицуулах нь чухал юм” гэдгийг мөн онцолсон байна.
Д.Нямтулга