Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг гурван байраар ахиулахаар тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-21 13:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Аялал жуулчлалын холбооноос тухайн салбарын сэргэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаар шинжээчдийн дунд судалгаа хийжээ.


Судалгаанд оролцогчдын 43 хувь нь аялал жуучлалын салбар энэ онд олон улсын хэмжээнд сэргэнэ гэж үзсэн байна. Харин 45 хувь нь ирэх онд КОВИД-19-ийн өмнөх 2019 оны түвшинд очно гэж хариулжээ. Ази, номхон далайн бүс нутгийн хувьд аялал жуулчлал арай хожуу сэргэх төлөвтэй байна.


Манай улсын хувьд гадны жуулчдын тоог 577 мянгад, салбарын орлогыг 700 сая ам.долларт хүргэх зорилтыг аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, байгууллагаас гаргаад байна. Дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол Улсын эзлэх байрыг 3-аар ахиулж, 90 дүгээр эрэмбэлэх стратеги зорилт бүхий хүрэх үр дүнг тооцоолжээ.






МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд: 


Манай салбарынхан үүний өмнө хийсэн удаа дараагийн уулзалт, БОАЖЯ-тай хамтран зохион байгуулсан аялал жуулчлалын форумаас гарсан зөвлөмжийн дагуу энэ салбарыг сэргээж, цаашид хөгжүүлэх талын судалгааг хийж, стратеги төлөвлөгөөг боловсруулан гаргаад байна. КОВИД-19-ийн өмнө манай улс жилд 577 мянган жуулчин хүлээн авч, 607 сая ам.долларын орлого олж, энэ салбарт нийтдээ 88 мянга гаруй хүн ажиллаж байсан. Мөн жуулчин хүлээн авах 570 гаруй ААН, мөн 500 гаруй бааз, зочид буудал, жуулчдад үйлчилдэг 200 гаруй зоогийн газар, ресторан үйл ажиллагаа явуулж, үндэсний агаарын тээврий 4 компани ажиллаж байв. Экспортын орлого, хэмжээгээр улс орны нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын дараагаар орж, нийт экспортын 7-8 хувийг эзэлж байлаа. Гэтэл цар тахлын үед төсөөлж байгаагүй хүнд нөхцөл байдалд орж, түүхэнд байгаагүй хохирол амсан тэг зогсож ирсэн.



Цар тахлын өмнө олон улсын эдийн засаг, санхүүгийн хямрал, SARS зэрэг өвчний нөхцөл байдал болж байсан ч орлого нь бага зэргээр буурахаас бус аялал жуулчлалын салбар тасралтгүй ажиллаж, жуулчдын тоо цөөрөөгүй. Харин цар тахлын нөхцөлд дэлхий нийтэд жуулчдын тоо 70 хувиар, Монголд 90 гаруй хувиар буурч, өнгөрсөн 2 жилд 20-30 мянган жуулчин ирж, салбарын орлого 76 хувиар, ажлын байр 63 хувиар буурлаа. Ажлын байрны ихэнх хувь уул уурхай зэрэг бусад салбарт шилжин алдаад байна гэв.




Манай улсын аялал жуулчлалын салбарыг сэргээж идвэхижүүлэхэд эхний ээлжинд барьж ажиллах гол бүс нь хөрш зэргэлдээ болон БНСУ зэрэг бүс нутгийн жуулчид байх нь.

Салбарын судлаач, мэргэжилтэн, шинжээчид манай улсын аялал жуулчлалын салбарын сэргэлтийг 3 хувилбараар таамаглаж байна. Үүнд:

  • Хамгийн ихдээ жуулчдын тоог 96.5 хувар өсгөх,
  • Дунджаар 74.8 хувь болох,
  • Хамгийн багадаа 58.6 хувиар өснө хэмээн таамаглаж байна.

Инбаунд буюу гадаадаас дотооддоо жуулчин хүлээн авах байдал ирэх онд 2019 оны түвшинд эргэн очин сэргэх боломжтой хэмээн үзжээ. Энд салбарын нийт оролцогч талын хамтын ажиллагааг сайжруулж, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Тэрбээр, өнөөдрийн байдлаар манай улсад 45 мянган жуулчид ирсний 50 гаруй хувь нь хөрш ОХУ-аас ирээд байна. Тиймээс ирэх онуудад аялал жуулчлалын салбарыг сэргэж идэвхжүүлэхэд барьж ажиллах гол бүс нь хөрш зэргэлдээ болон БНСУ зэрэг бүс нутгийн жуулчид байх гэдгийг тодотголоо. 




Premium Travel Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нямсүрэн: 


Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, үнэ цэнийг компаниуд тухайн үнэндээ дүйцэж нийцсэн үйлчилгээг өгч чадаж байна уу гэдгээр хэмжинэ. Бусдаар аялал жуулчлалыг модон жорлон, хэдэн гэрээр ойлгож, бүгдийг хамруулан үгүйсгэж болохгүй. Гаднаа бассейнтай, тав тухтай амрах баазууд олноор бий болж байна. Аялж буй иргэд хогоо өөрсдөө авч явдаг байхаас эхлээд аяллын боловсролтой болж байж, нийгэм бүхлээрээ, хүн бүр ухамсарлаж байж тухайн салбар хөгжинө. Энд аль аль талдаа анхаарах хэрэгтэй байна.


Энэ салбарт олон жил ажиллаж буй бид өнөөдөр аяллыг 3-4 сарын өмнөөс төлөвлөж, тухайн газар өөрсдөө очиж үзэж байж, замын маршрут, машин техникээ бэлдэж байж гэмээн аялагч, жуулчидаа хүлээн авдаг. Монголын аялал жуулчлалд хамгийн их зардалтай сегмент нь тээвэр юм. Бид өнөөдрийг хүртэл 2019 онд урьдчилж авсан мөнгөөрөө ковидын 2 жил “амьдраад”, тэр зардлаараа өнөөдөр жуулчин хүлээн авч байна. Гэтэл энэ хооронд шатахуунаас эхлээд валютын ханш гээд олон суурь үнэ, тариф, зардал өсөж ирсэн. Энэ нөхцөлд бид бүсээ чангалаад, дарга цэрэггүй өөрсдөө хөтөчөө хийгээд, энэ онд яаж хийгээд авах ёстой жуулчдадаа үйлчлээд явж байна. Яагаад гэвэл бидний ард 10-20 жилийн ажил, үйл ажиллагаа маань оршиж байдаг. Энд салбарын бид ч, иргэд ч нийтээрээ хичээж аялал жуулчлалаа сэргээж, улсад орох орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна.


 

相关新闻