S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг түвшин ахиулж "BB-, тогтвортой” хэмээн зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30/МОНЦАМЭ/. Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг нэг түвшин ахиулж, "BB-, тогтвортой” болгон сайжруулснаа өнөөдөр зарлалаа.
Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрчээ.
S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг сайжруулахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж үзсэн байна. Үүнд:
- Монгол Улсын төсвийн гүйцэтгэл нь 2022 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтөд тулгуурлан мэдэгдэхүйц сайжирсан.
- Эдийн засгийн тогтвортой өсөлт болон Засгийн газрын өрийн оновчтой удирдлага нь өрийн ДНБ-нд эзлэх харьцааг бууруулахад хувь нэмэр оруулсан.
- Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, төсвийн алдагдал ирэх 1-2 жилд харьцангуй бага түвшинд хадгалагдана гэж үзсэн.
- Түүнчлэн сүүлийн үеийн дотоодын улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран бодлогын хэрэгжилт тогтвортой үргэлжилнэ гэж харж байна хэмээн тайландаа онцолжээ.
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Fitch агентлаг 2025 оны есдүгээр сарын 1-нд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, Тогтвортой” төлөвт хэвээр хадгалснаа зарласан бол Moody’s агентлаг аравдугаар сарын 16-нд үнэлгээгээ нэг түвшин ахиулж “B2, Тогтвортой”-гоос “B1, Тогтвортой” болгон сайжруулж байгаагаа мэдээлсэн билээ.
Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын гадаад санхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн түвшин буурч, банк, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудын зээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлэх төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдынитгэл нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм.
Ulaanbaatar