Тооцоо судалгаагүй олгосон тусгай зөвшөөрлүүдийг эргэж харна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-08-08 16:45:49

Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Т.Гантулга нар харьяа үйлдвэр, компанийн захирлуудаас хариуцаж буй ажлынх нь талаар товч мэдээлэл сонсч, үүрэг даалгавар өглөө.

Нэн тэргүүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад онцгой анхаарч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт болон улсын төсвийн тодотгол, ирэх жилийн төсөвт оруулах саналаа яаралтай гаргаж өгөхийг Эрчим хүчний сайд үүрэг болгов. Мөн улсын төсөв хүнд байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэлийг хангахдаа хөрөнгө оруулалтыг хамгийн бага түвшинд байлгахаар хэмнэлттэй тооцож ажиллах хэрэгтэйг онцлоод, ялангуяа Дорнод бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний системд хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулсан байна.  

Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлоготой уялдуулж, дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дэлгэрэнгүй төлөвлөгөөний хамт гаргах ёстойг сануулаад тооцоо судалгаагүй олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг эргэж харах шаардлагатайг онцлов. 

Эрчим хүчний яаманд Түлшний газар шинээр байгуулагдаж, эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг "Багануур" ТӨХК, "Шивээ-Овоо" ТӨХК-ний харьяалал өөрчлөгдөн ирж байгаа. Иймээс дээрх компаниудатай цахилгаан станцууд нягт хамтарч ажиллах, эрчим хүчний салбарын хувьчлалд онцгой анхаарч, оролцоог хангах, сахилга хариуцлагыг чанд сахиж, гүйцэтгэлийг хяналтыг барьж ажиллахыг салбарын сайд нь үүрэг болголоо.

Н.Туяа 
 

相关新闻