“Музей ба монгол бичиг” өдөрлөгөөр үндэсний бичгээ сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-06-17 15:46:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чойжин ламын сүм музейгээс санаачлан “Музей ба монгол бичиг” өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа.


Өдөрлөгийг 1000 гаруй жилийн түүхтэй, үндэсний сонгодог монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, хойч үедээ өвлүүлэх, монгол хүн бүрийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгээ гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалахад нь чиглэсэн аливаа санаачилга, үйл хэргийг дэмжих, монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их өвийг дотоод, гадаадад сурталчлах 2025 оноос хос бичигтэн болох тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулав.


Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн хэлэхдээ, “Монгол хэл бичиг соёлын агуу өв юм. Хэл бичиг хоёр хэзээ ч салшгүй билээ. Монгол үндэстний бусад улс орноос ялгагдах гол онцлог маань бичиг үсэг учраас монгол бичгийг онцолж байна. Монгол бичиг дэлхийн долоон гайхамшигт хэл бичгийн нэгээр тодорсон байдаг. Тиймээс монгол хүнийг эх хэл бичгээс нь ялгах боломжгүй юм. Монгол Улс 2025 онд хос бичигтэн болох зорилт тавьсан. Хос бичигтэн болох аянд Чойжин ламын сүм музей нэгдэж монгол бичгээ олон улсад сурталчлах, хүүхэд залуус монгол бичгээрээ бахархах,  үндэсний бичиг үсгээ  сурч буй суралцагчдад урам өгөх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна” гэв.


Өдөрлөгийн үеэр музейн боловсролын хөтөлбөрийг танилцуулахаас гадна Монгол туургатны “Мөнх тэнгэрийн бичиг”, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийн дээжээр үзэсгэлэн гаргасан байлаа. Мөн монгол бичгээр унших, бичих шагналт уралдаан, монгол уран бичлэгийн үйлчилгээ, монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулсан юм.

Түүнчлэн Чойжин ламын сүм музейг хөнгөлөлттэй үнээр үзүүлж монгол бичиг соёлоо дээдлэгч үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлав.

Өдөрлөгийн хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонин, “Монгол дуу, дүрс” сан ТББ, “Бичиг соёл” төв, “Олон улсын монгол уран бичлэгийн холбоо”, “Сувдан даруулган титэм” ТББ, “Хаан бичиг” номын дэлгүүр ажиллажээ.

Энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон монгол бичгийн олон улсын баяр хэлбэрээр өрнүүлэх аж. 











相关新闻