Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлттэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, орон нутгийн иргэдийн байгаль орчин болон байгалийн нөөцийн салбарт дасан зохицох чадавхыг бэхжүүлэх төслийг Баянхонгор аймагт хэрэгжүүлэхээр болж, талуудын эхний шатны уулзалтыг өнөөдөр хийлээ.
Төслийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Монголын усны форум Ус хэлц ТББ-аас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар, БОАЖГ-ын дарга Э.Ганзориг болон Монголын усны форум Ус хэлц ТББ-ын ажлын хэсэг оролцов.
Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн эрсдэлийн удирдлага, хяналт шинжилгээний хөтөлбөр төлөвлөгөөг аймгийн хэмжээнд боловсруулж, усны нөөцийн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх, эко аялал жуулчлал зэрэг гурван дэд хэсэгт нэн тэргүүнд анхаарах аж. Ийнхүү дасан зохицох зохих арга хэмжээг тодорхойлж, улмаар байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр боловсруулсан нэн шаардлагатай төслийг сонгон шалгаруулж хэрэгжүүлэх юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баянхонгор аймагт хэрэгжих уг төслийг орон нутгаас бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа Засаг даргын орлогч Б.Батсуурь уулзалтын үеэр илэрхийлээд, төслийг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын оролцоо нэн чухлыг онцолж байв.