Mөнгөний нийлүүлэлт 27.4 ИХ НАЯД хүрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг боллоо.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 190.9 (0.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төгрөгийн харилцах 155.9 (3.2 хувь) тэрбум, валютын харилцах 1.2 (57.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг ҮХС-ноос мэдээлэв.
Бага мөнгө (M1) энэ оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их
наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 19.8 (0.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс
29.6 (0.5 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Бага мөнгө (M1)-ний 5 (86.6 хувь) их
наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 768.1 (13.4 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн
байгууллагаас гадуурх мөнгө байв.
Бараг мөнгө 2022 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 45.6 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 220.5 (1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Бараг мөнгөний 13.9 (64.5 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.4 (20.3 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 3.3 (15.2 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах аж.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 21.2 (2.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 196.4 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.
Гадаад цэвэр актив /ГЦА/ 2022 оны 5 дугаар сарын эцэст
урьдчилсан гүйцэтгэлээр 976.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 635.9 (39.4 хувь)
тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 (84.5 хувь) их наяд төгрөгөөр багассан бол
дотоод цэвэр актив /ДЦА/-ын 26.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 570.5 (2.2 хувь)
тэрбум, өмнөх оны мөн үеэс 5.5 (26.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.