ТОП 20 ААН-ийн засаглалыг үнэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-10 16:54:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүү, эдийн засгийн их сургууль (СЭЗИС) дотоодын ТОП 20 ХК-д засаглалын үнэлгээг хийжээ. Бизнесийн байгууллагууд ямар зарчмаар үйл ажиллагаа явуулж, удирдлагын түвшинд хэрхэн ажиллаж буйг хөндлөнгөөс судалж, мэдээллийг нэгтгэн гаргаж байна. Үнэлгээг тус сургуулийн Компанийн засаглалын мэргэшүүлэх ангийн төгсөх дамжааны оюутнууд 6 судалгаанд үндэслэн хийжээ.

СЭЗИС нь компанийн засаглалын судалгааг 10-аад жилийн өмнөөс хийж ирсэн байна. Гэхдээ өмнө нь ингэж олон нийтэд хүргэх байдлаар дорвитой судалгаа болон үнэлгээг хийж байгаагүйг СЭЗИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны дарга Б.Бүжинлхам тодотгож байна. Нөгөө талаар өнөөдөр бизнесийн орчин, хандлага огт өөр болж, мөн судалгааны арга, аргачлал, компаниудын дотоод бүтэц өөрчлөгдөж ирснийг СЭЗИС-ийн профессор, доктор Т.Цэнд-Аюуш онцолж байна. Эдгээр өөрчлөлт нь үнэлгээ хийхэд илүүтэй мэдрэгджээ.

Компанийн засаглалын үнэлгээг тогтоохдоо байгаль орчин, нийгэм зэргээр 120 асуумж бэлтгэн тухайн компанудын төлөөллийг судалгаанд хамруулжээ. Энэ талаар судалгаа, үнэлгээг хийсэн СЭЗИС-ийн бизнесийн удирдлагын магистрант П.Дөлгөөнөөс тодруулахад, хууль эрхзүйд одоохондоо заагдаагүй хэрнээ хэрэгжүүлэх шаардлагатай олон улсын сайн туршлагыг судалж, ингэснээр асуулгаа нэг бүрчлэн бэлтгэн ач холбогдлоор нь үнэлэн боловсруулан бэлтгэснийг хэллээ. Цаашид СЭЗИС-ийн компанийн засаглалыг мэргэшүүлэх ангийн оюутнууд жил бүр компанийн засаглалын үнэлгээг хийж мэдээллийн баазыг бий болгох аж. 

相关新闻