12 орны судлаачид Монголын түүх соёлтой танилцана
МОНГОЛЫН МЭДЭЭ“Залуу монгол судлаач-2016” зуны сургалт өнөөдөр БСШУСЯ-д нээлтээ хийлээ. Уг сургалтыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна.
Сургалт нь Олон Улсын Монгол судлаач эрдэмтдийн 31 дэх удаагийн их хуралтай давхцаж байгаагаараа онцлогтой аж. Энэхүү сургуулийг зорин манай улсад гадаадын 12 орны 30 гаруй залуу судлаач оролцохоор иржээ.
Судлаачид ийнхүү ярьж байна.
Залуу судлаач David Rizzi: Би Итали улсаас ирсэн. Миний мэргэжил бол хятад хэл судлаач. Харин би өнөөдөр монгол хэл шинжлэлийг судлахаар ирээд байна. Монгол хэлийг маш сайн сураад буцна гэж бодож байна.
Судлаач оюутан Kie: Би монголын соёл, уламжлалыг судлахаар Япон улсаас ирсэн. Манай улсын иргэд монголын талаар сайн мэддэггүй. Тиймээс би монголыг илүү сайн мэдэхийг хүсч байна.
Судлаач оюутан Татьяна:Би Орос улсаас ирсэн. Москвагийн олон улсын харилцааны их сургууль сурдаг. Би монгол хэлээ сайжруулах болон монголын түүх соёлыг илүү их сонирхож байна. Монголын баяр наадамыг үзэхэд маш сонирхолтой санагдсан. Тиймээс монголын түүх соёл миний сонирхлыг ихэд татаж байгаа.
Энэхүү сургалт нь энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Тус сургуулийн гол зорилго нь монгол судлалын залуу халааг бэлтгэх гадаадын залуу судлаачдыг монгол ахуйтай танилцуулах, тэдний монгол хэлийг сайжруулахад чиглэж буй аж.
М.Үүрийнтуяа