Үй Цай сургуулийн төгсөгч үзэсгэлэнгээ гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятад хэлний сургалттай Үй Цай бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Хишигтогтох “Үй Цай боловсрол-Үй Цай төгсөгч” үзэсгэлэнгээ гаргалаа.
Нэгдүгээр ангиасаа хятад хэл сурч, сургуулиа онц дүнтэй төгсөж буй тэрбээр үзэсгэлэндээ хичээлийн хэрэглэгдэхүүнээс гадна нэгдүгээр ангиас эхлэн үзэж байсан бүх хичээлийн дэвтэр, тэмцээн уралдаанд оролцож байсан шагнал, батламж зэргийг дэлгэжээ.
Тэрбээр, “Хятад, англи, монгол гэсэн гурван хэлээр сурч төгсөж байна. Нэгдүгээр ангиасаа хятад хэлийг хичээнгүйлэн сурсан. Цаашид гадаадад суралцах сонирхолтой учраас гадаадын сургуулиуд руу апплай явуулан хариугаа хүлээж байна. Ээж маань миний хичээлийн дэвтэр, шагнал гээд бүх зүйлийг цуглуулдаг байсан. Ахлах ангид ороод би өөрөө үргэлжлүүлэн цуглуулсан. Манай сургууль судалгааны чиглэлээр илтгэл тавиулдаг учир бусад сургуулиас зохион байгуулж буй тэмцээнд ч оролцдог” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Түүний ээж М.Оюунгэрэл охиныхоо сургуульд орсон цагаас өнөөг хүртэл эрдэмд шамдсан их үйлсийг алхам тутамд нь дэмжин, Үй Цай сургуульд 12 жил суралцах хугацааны туршид бичиж тэмдэглэсэн хичээл, хийж гүйцэтгэсэн даалгавар, амжилт бүтээлийн баримт бүхнийг хадгалж иржээ.
Тус сургуулийн захирал Д.Цэцэгмаа, “Нэгдүгээр ангиас төгсөх хүртэлх хичээлийн дэвтрээ хадгалж чадаж байна гэдэг хувь хүний чадвар, идэвх гэсэн үг юм. Аливаа юманд хүндэтгэлтэй хандаж, үнэ цэнээ мэдэрч байна гэдэг насан туршдаа юмыг үнэлж цэгнэж, өөрөө өөртөө хүндэтгэлтэй, хайртай хандана. Баялаг бүтээнэ гэж ярьдаг. Баялгийн эзэн ажлаа хийж байхдаа ажлынхаа үнэ цэнийг цаг, өдөр, сар жилээр төлөвлөн гүйцэтгээд, чанар үр өгөөжөө харж дахин сайжруулах зүйл юу байна гэж амьдралынхаа давтагдашгүй хэв шинжийг бий болгож байна. Сурагч Б.Хишигтохын хувьд өнөөдөр тэргүүний судлаач болж, амжилтын цүнх нь 100 хувь бүрдсэн учраас үзэсгэлэнгээ нээн 1000 гаруй хүүхэд, 100 гаруй багш гээд олон хүнд хүргэж, эргээд энэ нь сурагчид сайн санаачилга, туршлага болж үлдэнэ” гэв.
Энэ үеэр тус сургуулийн сурагчид урлагийн тоглолт үзүүлсэн юм.