480 гаруй томилгоот бүрэлдэхүүн бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-03 15:32:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль танхимын сургалт, бэлэн байдлын үзлэг, штабын дадлага, дадлага, сургууль гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэйгээр, астрономийн 104 цаг, оперативын 148 цагийн багтаамжтай явагдаж байна. Тус сургууль өнөө өглөө Сэлэнгэ аймгийн гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор цуглуулж, цагийн байдал өгснөөр албан ёсоор эхэллээ.

Сэлэнгэ аймаг нь 41.1 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Газар тариалангийн гол бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн тус аймгийн төв Сүхбаатар сум нь төмөр ба авто замын гол зангилаа, хойд хилийн гол хаалга болж байдаг юм.

“Гамшиг, онцгой байдлын үеийн бүх шатны удирдлагын харилцан ажиллагаа, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн төлөвлөлт, бэлэн байдал, хариу арга хэмжээ, иргэн, хуулийн этгээдийн аюулгүй амьдрах ухааны  мэдлэг, ойлголт” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй тус сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ОХУ-ын Онцгой байдлын яамны БНБУ-ын Хиагтын дүүргийн Гал түймэртэй тэмцэх ангийн дарга Олег Туаев, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нарын удирдлагууд оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд аймаг, сумдын Онцгой комисс, Хилийн цэргийн ангиуд, орон нутгийн гамшгаас хамгаалах 13 алба, мэргэжлийн 19 ангийн нийт 480 гаруй томилгоот бүрэлдэхүүн бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа. Сэлэнгэ аймагт зохион байгуулж байгаа энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн бүх шатны удирдлагын шийдвэр гаргах, гэнэтийн удирдлагын тогтолцоогоор ажиллуулах. Эрсдэлийн үнэлгээ хийх, холбоо зохион байгуулах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн бэлэн байдлыг хангуулах, төлөвлөлтийг бодит байдалтай уялдуулан тодотгох, турших. Цаашлаад харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн нөөцийг тодорхойлох, иргэд, олон нийтийг сургаж дадлагажуулах, арга зүй эзэмшүүлэх, судалгаа шинжилгээ хийхэд голлон чиглэгдэж байгаа юм. 



相关新闻