“Шарилжгүй Улаанбаатар” аянд 695 хүн нэгдэн нийслэлийг шарилжнаас нь салгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн иргэдийг шарилжнаас үүдэлтэй харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын захирагчийн албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг зохион байгуулах болсон. Өнгөрсөн сард төвийн зургаан дүүрэгт Улаанбаатар нэгтгэлтэй гэрээтэй 17 аж ахуйн нэгжийн 170 гаруй хүн шарилж зулгаах ажилд оролцсон байна. Өнөөдрийн арга хэмжээнд нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, төвийн 6 дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр гэрээгээр ажил гүйцэтгэдэг 20 хувийн хэвшил, ТББ-ын 695 хүн оролцож байгаа аж. Дунд голоос Гурвалжингийн гүүр, Эх нялхсын урд болон арын уулзвараас Саппоро хүртэл мөн Сэлбэ гол дагуух 424 мянган метр квадрат талбайг 3 хэсэг болон хуваагдаж цэвэрлэх юм. Өмнө шарилжийг зулгаадаг байсан бол энэ удаад агротехнологийн горимын дагуу хадаж, зөөнө гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал удирдлагын хэлтсийн дарга Т. Батбаяр хэллээ.
Тэрбээр, “Шарилж хадах ажилд 50 хадагч машин, 111 ширхэг гар хадуур, 100 тармуур, 100 гаруй хайч багаж хэрэгсэлтэйгээр ажиллана. Мөн Хан-Уул, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар нэгтгэлийн 12 хогийн машин зэрлэг ургамалыг ачиж хаяна” хэмээв.
“Шарилжгүй Улаанбаатар” аянд “Ногоон байгууламжийн иргэний зөвлөл” ТББ,“Монголын газрын менежментийн холбоо” ТББ “Далайн цалгиа” ТББ, “Мөнх ногоон хэрэм” гэсэн ТББ-ууд, залуучуудын холбооны 100 гаруй оюутан сайн дураараа нэгджээ.
Тус аянд сайн дураараа нэгдсэн хүмүүс ийнхүү ярив.
Улаанбаатар нэгтгэлийн , Ногоон байгууламжийн ахлах инженер Д.Батцэцэг, Шарилжийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Манай байгууллага нийслэлийн зургаан дүүргийн 21 гудамжийн ногоон байгууламжийн арчилгаа тордолгоог хариуцан ажилладаг. Бид хувиарт гудамжаасаа гадна нийтийн гар хүрдэггүй газруудаар зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэнэ. Мөн Улаанбаатар нэгтгэлийн 100 хүнд хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллгааны заавар өгөөд ажиллаж байна.
ШУТИС-ийн оюутан Э.Мөнхгэрэл, Шарилж нь өвчний эх үүсвэр болж байдаг учраас устгах нь зүйтэй. Энэхүү аянд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Мөн мэргэжилийн хүмүүс талбай тус дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
М.Дайриймаа