“Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг 471 эхэд гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-01 11:24:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийн хэмжээнд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 29, хоёдугаар зэргийн одонг 442 эх гардан авч байна.

“Эхийн алдар” одонгоор энгэрээ мялааж буй хамгийн залуу эх Баян-Өндөр сумын иргэн, 23 настай Г.Нансалмаа бол хамгийн ахмад нь Бат-Өлзий сумын иргэн, 51 настай Г.Нэргүй байв. Алдарт эхчүүдэд хандан аймгийн Засаг дарга А.Ишдорж үг хэлэхдээ “Улс орны тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амыг өсгөхөд хамгийн их хувь нэмрийг оруулж байдаг эхчүүдэдээ халуун баярыг хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Мөн аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээсэн мэндчилгээг уншиж сонордуулсан бөгөөд “Энэ жил ““Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг орон даяар 12,559 эх хүртэж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 13,7 хувиар өсжээ. Өнөөдөр одонгоо гардаж байгаа эхчүүдийн маань ихэнх нь 35-38 настай байгаа нь цаашид алдарт эхчүүдийн нас залуужиж байгааг харуулж байна” хэмээн дурдав. 

相关新闻