"Дөл-2022" цогцолбор тэмцээнд Алтай сумын баг тамирчид тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд тус аймгийн 9 сумын ЕБ-ын 13 сургуулийн 169 сурагч хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюун, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн Э.Мөнхтөгөлдөр захирагчтай тасаг шалгарч, шилжин явах цомын эзэн болов.
Удаах байруудад Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б.Булгантамир захирагчтай тасаг, Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн Л.Батсүх захирагчтай тасаг, Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б.Содгэрэл захирагчтай тасаг тусгай байрт шалгарсан юм.
Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Цэргийн штабын дарга хурандаа Д.Төмөрбаатар, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Х.Баатарзориг, Онцгой байдлын газрын орлогч дэд хурандаа Ц.Лувсанжамц нар гардууллаа.