Путин Туркийн Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайдтай уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ирэх сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана гэж Кремлийн ордноос мэдэгдэв.
Путин энэ сарын 9-нд Санкт-Петербург хотод Эрдогантай уулзаж, хоёр улсын харилцааг сэргээх тухай хэлэлцэж, уг асуудалд ямар үүрэгтэй, хэрхэн оролцох талаар санал бодлоо солилцоно гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Эрдоган Путин руу уучлалт гуйсан илгээлт илгээснээр хоёр орны харилцаанд үүсээд байсан хурцадмал байдал намжсан билээ.
Харин ирэх сарын 2,3-нд Путин ОХУ-ын Владивосток хотод болох Дорнодын эдийн засгийн форумд оролцох бөгөөд энэ үеэр тэрбээр Шинзо Абэ болон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нартай уулзах ажээ.
Япон болон БНСУ-ын тэргүүн нартай хэлэлцэх хоёр талын чухал асуудлууд бий гэж Песков мэдэгдсэн байна.
Японы Ерөнхий сайд өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Хар тэнгисийн боомт хот Сочид айлчлал хийж, Путинтэй уулзсан билээ.
Д.Нямтулга