111 байгууллага дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 111 байгууллага дэргэдээ эцэг
эхийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Энэхүү зөвлөл нь ажилчдынхаа ар гэр,
хүүхэд рүү чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, ингэснээр гэр
бүлийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зөв хүн
болгон төлөвшүүлэх үндсэн үүрэг чиглэлтэй аж. Энэхүү зорилгын үүднээс Эцэг
эхийн зөвлөгөөнийг Сэлэнгэ аймаг анх удаа зохион байгуулж, гэр бүл, хүүхдийн
хүмүүжил, хөгжил, аюулгүй байдлын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.
Сэлэнгэ
аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,
аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол
ОНХХ-тэй хамтран дээрх зөвлөгөөнийг анх удаа энэ сарын 24-ний өдөр зохион
байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд ААНБ-ууд дэргэдээ хүүхэд саатуулах өрөөтэй
болох, Хүүхдийн эрхийн тухай хууль болон хүүхдийн эрх ашгийг зөрчсөн тулгамдаж
буй асуудлыг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэж, сайн туршлагаа хуваалцлаа. Зөвлөгөөнийг
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Нарантуяа нээж хэлсэн
үгэндээ “Хүүхэд хамгааллын бодлого, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа нь ганц
сургууль, цэцэрлэгийн орчин, багш нарын хариуцсан асуудал биш, нийт төр хувийн
хэвшлийн байгууллагын оролцоо, тэр дундаа байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн
зөвлөл”-ийн хамтын ажиллагааны үр дүнд нийгмийн бүхий л орчинд хүүхэд
хамгааллыг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх санал, санаачилгууд
гарч, түүний үр дүнд хүүхэд хамгааллын ажилд ахиц дэвшил гарах учиртай”-г
онцоллоо.
Зөвлөгөөнд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж мэндчилгээ дэвшүүлж зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг бүх талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Мөн зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэндчилгээ дэвшүүлэн эцэг эхийн зөвлөлүүдэд амжилт хүслээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Хүүхдийн хөгжил хамгаалалд эцэг эх, гэр бүл, байгууллага, олон нийтийн үүрэг оролцоо”-ны талаар илтгэл тавьсан бол аймгийн ГБХЗХГ-ын дарга П.Оюун “Хүүхэд хамгаалал ба өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар илтгэв.
Мөн аймгийн БШУЯ-ны газрын дарга Ч.Жаргалсайхан “Ерөнхий боловсролын
сургуулийн хүүхэд хамгааллын бодлого” сэдвээр илтгэл мэдээлэл тавьж, аймгийн
ЦГ-аас Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өглөө.
Мөн Гэр бүл судлаач Ч.Баясгалан “Гэр бүлийн аз жаргал” лекц тавьж, Сүхбаатар
сумын 2, 4, Төмөр замын “Бүжинхэн” цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүд урлагийн
тоглолт үзүүллээ.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл”, “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг”, “Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж”-үүд тус тус баталжээ.



