Ус цэвэршүүлэх төхөөрөмжийг бүрэн шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-10 18:30:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг ундны усны асуудлаа бүрэн шийдвэрлэхээр болжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ус цэвэршүүлэх төхөөрөмжөө бүрэн шинэчлэх ажлыг удахгүй хийнэ. Ингэснээр Баруун-Уртынхан эрүүл ахуйн стандарт хангасан цэвэр усаар хангагдаж эхэлнэ гэв.

Энэ талаар аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ, ундны усны цэвэрлэх байгууламжийн төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг төслийн шугамаар шийдсэн. Тендер зарлагдаж  3, 4 компани орж байгаа. Төслийн нэгжийнхэн Улаанбаатар хотод шалгаруулалтаа хийж, гүйцэтгэгчийг сонгоно. Сонгон шалгаруулалтаас хойш 2-3 сарын хугацаанд тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэнэ. 9 дүгээр сар гэхэд бид ундны асуудлаа бүрэн шийдвэрлэнэ гэлээ.   

Сүхбаатар аймаг ундны ус муутай аймгуудын нэгээр нэрлэгддэг. Хатуулаг ихтэй, усанд агуулагдах химийн элементүүд зохих хэмжээнээс хэтэрсэн зэргийг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байдаг. Тиймээс орон нутгийн иргэд үе үеийн удирдлагуудаас баталгаат ус ундандаа хэрэглэх боломж, нөхцөлийг бүрдүүлж өгөхийг шаардсаар ирсэн. 2018 онд шинээр ус цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулж байсан ч тухайн тоног төхөөрөмжүүд нь зориулалтынх бус учир ажиллагаагүй болоод удаж байсан юм.

 

相关新闻