“E Mongolia” ажлын баг Өвөрхангай аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цахим хөгжил,
харилцаа холбооны яам, “E
Mongolia” улсын төсөвт үйлдвэрийн газрын хамтарсан баг Өвөрхангай аймагт ажиллаж
байна. Нэвтрүүлэлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Буднямаар ахлуулсан тус
ажлын баг энэ 7 хоногт Арвайхээр хотноо ажиллах бөгөөд энэ хугацаанд;
- Төрийн олон шатлалт, орон нутгийн шинж
чанартай үйлчилгээнүүдэд хөгжүүлэлт хийж, “E Mongolia” сүлжээнд нэгтгэн нэвтрүүлэх;
- “E
Mongolia” мобайл аппликэйшнийг ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авах мэдлэг,
чадварыг иргэд, төрийн албан хаагчдад олгох;
- “E
Mongolia” төрийн нэгдсэн цахим сүлжээг иргэд, олон нийтэд сурталчлах;
- “Цахим Өвөрхангай” хөтөлбөрийг
боловсруулан баталж хэрэгжүүлэхэд заавар зөвлөмж өгөх чиглэлээр ажиллах юм.
Ажлын багийнхан аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын даргатай санал солилцож, “E Mongolia”
сүлжээний цаашдын зорилтын талаар танилцууллаа. Одоогоор "E-Mongolia"
системд төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг цахимжуулж нэгтгээд
байгаа ба үүнээс 152
үйлчилгээ нь нэг шатлалт буюу иргэн гар утас, суурин компьютероосоо цаг хугацаа
алдахгүй шууд авах боломжтой лавлагаа, тодорхойлолт байгаа аж.
505
үйлчилгээ нь олон шатлалт үйлчилгээ буюу тусгай зөвшөөрөл, бичиг баримт
захиалах зэрэг үйлчилгээнүүд орсон байна. Цаашид 1000 үйлчилгээг цахимжуулах зорилттой байгаа
хэмээн Г.Будням мэргэжилтэн хэллээ.
“Цахим үндэстэн” хөтөлбөрийг
хэрэгжүүлэхийн тулд орон нутагт мэдээлэл технологийн ажилтан бэлтгэж, иргэд,
олон нийтийг цахимаар үйлчилгээ авах ур чадварт сургах зайлшгүй шаардлагатай
байгааг мөн хэлж байв.
Ажлын багийнхан Төрийн үйлчилгээний
нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд бусад аймагт загвар болохуйц
цогц үйлчилгээ явуулж байгааг сайшааж байлаа.


