Дэлхийн банкны Хяналт шинжилгээ, үнэлгээний баг Өвөрхангай аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Дэлхийн банкны мэргэжилтэн
Кристофер Фенчээр ахлуулсан
Хяналт шинжилгээ, үнэлгээний баг Өвөрхангай аймагт ажиллаж, “Тогтвортой
амьжиргаа 3” төслийн хэрэгжилт, Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/- гийн үйл
ажиллагаатай танилцаж байна.
ОНХС-гийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээ /ЖГҮ/-ээр Өвөрхангай аймаг ямагт тэргүүлдэг бөгөөд энэхүү сайн туршлагыг газар дээр нь судалж бусад аймагт түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаагаа Кристофер Фенч хэлж байв.
“Тогтвортой
амьжиргаа 3” төслийн “Сайн засаглал - Үр дүнд суурилсан дэмжлэг үзүүлэх
хөтөлбөр”-ийн хүрээнд сумдын ОНХС-д жил бүр гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг. Ийнхүү
үнэлүүлсэн сумд тухайн жилийн ОНХС-гийн үйл ажиллагааныхаа аль хэсгийг
сайжруулах шаардлагатай байгаадаа дүн шинжилгээ хийх боломжтой болдог бөгөөд
энэхүү үзүүлэлт дээр тулгуурлан төслийн зүгээс удирдлага, арга зүйгээр
хангах, чадавх бэхжүүлэх сургалтуудыг хийх, ОНХС-гийн үйл
ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагааг зохион
байгуулан ажиллаж байна.
Мөн үйл ажиллагаагаа сайн
үнэлүүлсэн сумдад ОНХС-гийн өмнөх жилийн санхүүжилтийн 25%-тай тэнцэх хэмжээний
урамшууллыг төсөвт суулган олгодог аж. Өвөрхангай
аймгийн ОНХС-гийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээ 2016-2021 онд 36.2 хувиас 87 хувь
хүрч, улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн бөгөөд дээрх хугацаанд сумд 2.928.9 сая төгрөгийн
урамшуулал, 1.045.2 сая төгрөгийн дэмжлэг авчээ.
“Өвөрхангай аймагт ОНХС-гийн хөрөнгийг зарцуулахдаа иргэдийнхээ санал хүсэлтийг авч асуудлыг эрэмбэлсний үндсэн дээр шийддэг” хэмээн аймгийн Засаг дарга ажлынхаа үр дүнг хуваалцлаа. ЖГҮ-г төлөвлөлт, ил тод байдал, гүйцэтгэл, олон нийтийн оролцоо, хяналт шинжилгээ, үнэлгээ, өмчийн удирдлага гэсэн үзүүлэлтээр хийдэг бөгөөд Өвөрхангай аймгийн сумд иргэдийн оролцоог хангахад түлхүү анхаарч ажилладаг байна.
Ажлын багаас жилийн үнэлгээний
гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем үр дүнтэй байгаа эсэхийг асууж, цаашид
орон нутгийн төсвийг энэ систем рүү оруулвал үр ашгаа илүү сайн байх боломжтой,
эсэх талаар санал солилцов. Аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ “Би 2004
оноос 2016 он хүртэл сумын Засаг даргаар ажилласан. Тэр үед төсвийн эрх мэдэл
бага, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, сум орон нутгийн өмнө тулгамдаж
байгаа асуудлыг шийдвэрлэх зардал огт байгаагүй. Аливаа ажил үйлчилгээ, жижиг
засварын ч гэсэн хөрөнгийг шийдүүлэхийн тулд аймаг руу ханддаг байсан. 2012 онд
Тогтвортой амьжиргаа төсөл хэрэгжиж, хөрөнгө хуваарилдаг болсноос хойш сумын
дарга нар бие даан сумынхаа тулгамдаж байгаа асуудлыг шийдэх маш том боломж
бүрдсэн” гэлээ.
Дэлхийн банкны Хяналт шинжилгээ, үнэлгээний баг энэ
сарын 9-нийг хүртэл Өвөрхангай аймагт ажиллаж, ОНХС-гийн хөрөнгөөр хийсэн
ажлуудтай танилцан, сумдын удирдлага, аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй санал
солилцох аж.