МУБИС-ийн оюутнуудын бүтээлээр Монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-06 13:55:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхим болон “Бийрийн урлаг” уран бичлэгийн холбоо хамтран Монгол уран бичлэгийн үзэсгэлэнг нээлээ.


Үзэсгэлэнд “Уран бичээч Л.Жумдаан багшийн тигээр хэн сайн бичих вэ?” уралдаанд оролцогчдын бүтээл, “Бичиг соёл” уран бичлэгийн дугуйлангийн оюутнуудын бүтээл, МХУЗ-ын 4 дүгээр ангийн оюутан Б.Ариунжаргалын уран бүтээл зэрэг нийт 80 орчим уран бичлэгийн бүтээлийг дэлгэжээ. Эдгээр бүтээлийн үг, үсэг бүрт оюутнуудын сэтгэл, хөдөлмөр шингэсэн гэдгийг МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Соронзон тодотгов.

Тэрбээр хэлэхдээ, “МУБИС монгол хэл, уран зохиол бичгийн багш бэлтгэдэг онцлогтой. Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй оюутны чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор жил бүр уран бичлэгийн уралдаан зохион байгуулдаг. Манай тэнхимийн багш, нэрт уран бичээч Жумдаан агсны нэрэмжит уралдааныг зохион байгуулж шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж байна” гэв.

Мөн энэ үеэр Монгол хэлний орчуулагч үзгийг танилцуулж байлаа. МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн докторант Сэцэнт энэхүү үзгийг хөгжүүлжээ. Тус үзэг нь яриаг бичиг, бичгийг яриа болгохоос гадна монгол бичгийг кирилл, кирилл бичгийг монгол бичиг рүү хөрвүүлэх чадвартай аж. Мөн монгол, англи, орос, хятад, япон, солонгос, төвөд, уйгур, казах хэлний орчуулга хийх боломжтой юм.




相关新闻