Тоон гарын үсгийг 39 иргэн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-05 16:29:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс энэ сарын 2-ны өдрөөс иргэдэд тоон гарын үсэг олгож эхэллээ.    

Өнөөдрийн байдлаар тус хэлтсээс нийт 39 иргэнд тоон гарын үсгийг олгож, иргэний үнэмлэхний чипинд нь суулгаж өгчээ. Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2.2 сая гаруй иргэнд тоон гарын үсгийг олгох аж. Монгол Улсын иргэн та 21 аймаг 9 дүүргийн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтсийг зорин очиж хаанаас ч тоон гарын үсгээ авах боломжтой гэдгээрээ давуу юм.

Тоон гарын үсгийг авснаар ялангуяа гадаадад ажиллаж, суралцаж, амьдарч буй иргэдэд том боломж олдож байгаа. Мөн бүх төрлийн төрийн цахим үйлчилгээ, гэрээ хэлцэл байгуулах, банк, санхүү төлбөр тооцоо, даатгал, ЭМ-ийн үйлчилгээ, өргөдөл, хүсэлт, зөвшөөрөл, албан тоот, бусад бүх төрлийн цахим сервисүүд гэх мэт ашиглаж болох юм хэмээн тус хэлтсийн дарга Д.Саранчимэг хэллээ.

Учир нь үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэх буюу хэн нэгэнд бэлэглэх болон тухайн иргэн өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай асуудал шийдвэрлэх үед цахим гарын үсгээ илгээн өөрийн биеэр ирэх шаардлагагүй болж буйгаараа ач холбогдолтой аж. Мөн тэрээр энэхүү үйлчилгээтэй холбоотой тодорхой журам ХЗЯ-наас батлагдан гарч хараахан амжаагүй байгаа. Одоогоор энэхүү үйл ажиллагаа туршилтын байдлаар явж байна. Цаашдаа техник технологийн шалтгаанаар үүсэх хүндрэл гарч болзошгүй байна. Тухайлбал 2015 оноос хойших нь гайгүй. Түүнээс өмнөх иргэний үнэмлэх удаан хадгалагдаж байгаагаас чип нь уншихгүй байх тохиолдол гарч байна. Иймээс зарим хүний иргэний үнэмлэхийг солих шаардлага тулгарч байгаа. Сэлэнгэ аймгийн хувьд 120 гаруй мянган хүн амтай. Үүнээс 16 наснаас дээш гэхээр бараг 80 гаруй хувьд нь энэхүү тоон гарын үсэг олгогдоно. Одоогоор бид 17 сум, 6 тосгондоо ерөнхий чиглэл өгч байна хэмээн ярилаа. Тоон гарын үсгийг эзэмшихийн тулд гэрчилгээ олгох аж. Үүнийг иргэн буюу хуулийн этгээд нь Монгол Улсын харьяат бол 5 жил, гадаадын иргэнд 3 жилийн хугацаатайгаар олгох юм байна. 

相关新闻