Ц.Энхсайхан: "TOEFL ITP" шалгалтыг өгснөөр олон боломжийг өөртөө авч үлддэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ын 2 дугаар сургуулийн англи хэлний багш
Ц.Энхсайхан Олон улсын англи хэлний шалгалтыг албан ёсны эрхтэйгээр зохион
байгуулах эрхтэй болсон. Тэрээр анхны TOEFL шалгалтаа зохион байгуулахаар
бэлтгэлээ базааж байгаа аж. Ингээд түүнтэй уулзаж энэхүү шалгалтыг өгснөөр
ямар ач холбогдолтой хийгээд давуу тал юу байдаг талаар тодрууллаа.
-Англи хэлний "TOEFL ITP” зохион байгуулах эрх авсанд тань баяр хүргэе?
-Баярлалаа.
-Шалгалтаа хэзээ авах гэж байна.
Энэ талаараа товч мэдээлэл өгөхгүй юу?
-Энэхүү шалгалтад
хамрагдахыг хүссэн хүн бүрт нээлттэй шүү гэдгээ юуны өмнө дуулгая. TOEFL олон улсын
англи хэлний түвшин тогтоох шалгалт нь 1962 оноос хойш судлагдаж эхэлсэн дэлхий
дахинд хамгийн их судалгаа хийсэн шалгалт байдаг. Монгол Улсад TOEFL-ийн
шалгалтыг 1993 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн. Энэ шалгалт нь
манай улсын хувьд хамгийн анхны англи хэлний олон улсын шалгалт юм. Миний хувьд
яг одоо урьдчилсан түвшин тогтоох шалгалтыг ирэх бямба гарагт авахаар бүртгэлээ
эхлүүлээд явж байна. Түвшин тогтоох шалгалтад орсон хүмүүс ерөнхийдөө
өөрийгөө ямар түвшинд явна гэдгээ мэдээд авдаг талтай. Тэгээд тун удахгүй
энэ сардаа багтаад TOEFL олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтаа авна
гэж төлөвлөсөн байгаа.
-Англи хэлний олон улсын
шалгалтыг орон нутагтаа өгнө гэдэг маш давуу эрх болов уу? Энэ шалгалтыг
өгснөөр тухайн хүнд ямар боломжууд нээгддэг вэ?
-The toefl itp тестийн албан ёсны оноог хэд хэдэн зориулалтаар ашиглаж болдог. Тухайлбал, англи хэлнийхээ түвшинг олон улсын стандартын тестээр тогтоож баталгаажуулахад. Мөн гадаадын коллеж, их, дээд сургуулийн тэтгэлгийн шалгуур хангахад. Түүнчлэн албан ёсны англи хэлтэй улсад богино хугацааны хөтөлбөрт элсэн суралцахад ашиглаж болно. Түүнчлэн бүр албан ёсны хэл нь англи биш улсад бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрт элсэн суралцахад хэрэглэдэг. Бас олон улсын хамтарсан зэрэг олгох хөтөлбөрт элсэн суралцахад ашиглаж болдог гээд маш олон давуу талтай. Харин элсэн суралцах сургуультайгаа зөвхөн урьдчилан тохиролцсон нөхцөлд тухайлбал АНУ, Англи, Австрали зэрэг улсын коллеж, дээд сургуульд элсэн суралцахад ашиглаж болдгоороо өндөр ач холбогдолтой юм.
Иргэд энэ шалгалтыг өгснөөр олон
боломжийг өөртөө авч үлдэж байна гэж ойлгож болно. Тухайлбал TOEFL ITP тестийн
давуу талууд нь юу вэ гэхээр ажлын 3 өдрийн дотор албан ёсны оноо дүн нь гарна.
Түүнчлэн өндөр үнэ өртөг шаардахгүй, маш хямд үнэтэй. Оноогоо ашиглах өргөн
боломжтой. Бас тодорхой онооны нөхцөл хангасан тохиолдолд сертификат авч болдог.
Нэг зүйлийг анхааруулахад TOEFL ITP тест нь TOEFL iBT тестийг орлодоггүйгээрээ
онцлогтой.