“Эрт илрүүлэг”-ээр 30 өвчний оношийг 40 гаруй төрлийн шинжилгээ, оношилгоогоор баталгаажуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар орон даяар өрнөж буй “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг”-ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын “Дэмжих төв”-ийн дэргэд ажиллах “Эрт илрүүлэг”-ийн кабинетаар 30 өвчний оношийг, 40 гаруй төрлийн шинжилгээ, оношилгоогоор баталгаажуулах аж.
Энэхүү ажлын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, иргэдийг үзлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэдэд өгөх мэдээлэл нэлээд байгааг зохион байгуулагчийн зүгээс хэлж байна. Тодруулбал, эрт илрүүлэгт хамруулах мэдээлэл буюу хуваарь, урилгыг өрх, сум, хорооны ахлагч нар иргэдэд гар утсаар хүргэх аж. Ингэхдээ иргэн таны төрсөн өдрөөс хойш танд урилга мэдээлэл хүрэх ёстойг анхаарууллаа. Түүнээс хойш дараа оны төрсөн өдөр болохоос өмнө нэг жилийн хугацаанд нэг удаа багцын үзлэг шинжилгээндээ хамрагдаж биеийнхээ ерөнхий байдлыг хянах. Цаашлаад хэрэв шинжилгээгээр өвчин эмгэг илэрсэн бол дараагийн лавлагаа шатны эмнэлэгт шилжиж эмчилгээ үйлчилгээнд хамрагдахыг зөвлөлөө.









