Г.Мөнгөнзаяа: Сургуулийн үдийн цайг үдийн хоол болгосноор шим тэжээл, илчлэг чанар нь илт сайжирсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-02 17:47:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ын 2-р сургуулийн захиргаанаас хүүхдүүдийнхээ эцэг эхчүүдэд нэг бүрчлэн урилга хүргүүлэн нэгэн ажил зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Урилга гардан авсан эцэг эхчүүд сургуулийн захиргаанаас зохион байгуулсан “Эцэг эхийн өдөрлөг”-ийн хүндэт зочид болцгоосон байна.

Дэлхий нийтийг цочроосон цар тахлын улмаас 2 жил гаруйн хугацаанд олон нийтийн үйл ажиллагаагаа зогсоосон сургалтын байгууллагууд сургалтын орчинтойгоо дасан зохицох, эцэг эх, хүүхдүүдтэйгээ нүүр тулан уулзаж тэднийхээ санал бодлыг сонсох таатай үе ирж байгаа аж. “Энэ хичээлийн жил бол хоцрогдлыг арилгах чиглэлд түлхүү анхаарсан онцлогтой жил байлаа. Манай сургууль эмч, сэтгэл зүйч ажиллуулж байгаагаараа бас давуу талтай. Ингэснээр хүүхдүүдийн дунд ямар өвчлөл зонхилж байна. Нэлээд удаан хугацаанд сургалтын орчноосоо хөндийрсөн хүүхдүүд эргээд энэ орчиндоо дасан зохицоход юу нөлөөлж байгаа гээд олон асуудал урган гарч ирж байна. Энэ бүхэнд бидний хамтын хичээл зүтгэл үр дүнгээ өгдөг. Иймээс бид эцэг эхчүүдээ урин энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан. Үүгээр сургуулийн орчинд болж буй бүхий л үйл ажиллагаа, үдийн хоол, сургалтын орчин нөхцөл гээд бүхнийг эцэг эхчүүддээ танилцуулж, тэдэнд харуулж үзүүлэхийг зорьсон” хэмээн тус сургуулийн захирал Д.Алтанцэцэг ярилаа.


Ингээд тус үйл ажиллагааны оролцогч, нэгэн ээжийн сэтгэгдлийг сонссоноо хуваалцъя.

-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Мөнгөнзаяа гэдэг. Миний охин энэ сургуульд суралцдаг.

-Эцэг эхийн өдөрлөг үйл ажиллагаа маш өргөн хүрээнд, нэлээд ажил хэрэгч болж байх шиг харагдлаа. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Хэд хоногийн өмнөөс л охин минь “Та миний цүнхийг үүрээд хичээлд явна” гээд дүрсгүйтэж инээгээд байсан юм. Тэгтэл сургуулийн захиргаанаас нь эцэг эхийн өдөрлөгт оролцохыг урьсан Өнөөдөр бол эцэг, эхчүүд нь хүүхдийнхээ оронд нэг өдөр сурагч болж сургалтын үйл ажиллагаа, сурах орчин нөхцөлтэй танилцах зорилготой өдөр юм л даа.

-Энэ үйл ажиллагаанд өмнө нь оролцож байсан уу. Өдөрлөгт оролцсоноор ямар мэдээллүүдийг олж сонсов?

-Хоёр жилийн өмнө билүү дээ, яг ийм үйл ажиллагааг мөн л сургуулиас зохион байгуулж байсан. Тэр үед хүүхдүүд маань нэлээн балчир дөнгөж л сургуульдаа дасах маягтай болж байсан үе. Харин өнөөдрийн “Эцэг эхийн өдөрлөг”-өөр сургуулийн захирал сургуулийн орчин нөхцөл, сургалтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй сайхан яриа өрнүүллээ. Мөн нийгмийн ажилтан нь дэлгэцийн донтолтоос сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой ойлголтыг бидэнд өглөө. Бас сургуулийн эмч нь бага ангийнханд шүдний өвчлөл, дунд, ахлах ангийнханд нүдний өвчлөл их байгаа талаарх эмчийн үзлэгийн дүгнэлтээ ч танилцууллаа. Сургалтын менежер ковидын үеийн хичээлийн хоцрогдол улс, аймгийн хэмжээнд ямар байсан, хоцрогдлыг хэрхэн нөхөж байгаа талаар, одоо сурагчдад ямар ахиц гарсан тухай судалгаа танилцуулж, сургалтын чанарын асуудлаар түлхүү ярилцлаа.

-Өөр шинэлэг ямар зүйл өөрт тань ажиглагдав?

-Мөн сургууль маань мэргэжлийн сэтгэл зүйчтэй болсон байна. Сэтгэл зүйч хүүхдийн сэтгэл зүйг биеийн болон оюуны хөгжилтэй нь ижил түвшинд анхаарч байхыг ойлгуулсан маш сонирхолтой яриа таниулга хийлээ.

-Үдийн цай хөтөлбөр маань үдийн хоол болсон гэж байгаа. Хоолны амт, чанар ямар байна. Өөрийн нүдээр харсан хүний хувьд?

-Сургуулийн үдийн цай, үдийн хоол болсноор шим тэжээлт, илчлэг чанар нь илт сайжирсан байна. Хичээлийн 5 өдрийн дөрөвт нь махан хоол, нэг өдөр нь цагаан хоолоор үйлчилдэг юм байна. Хоол нь элдэв амтлагчгүй, маш эрүүл, чанартай байсан.

-Өдөрлөгийн үйл ажиллагаа өөрт тань маш их таалагдсан гэж бодож байна. Хичээлд суусан эцэг эхчүүд ямар даалгавартай гэртээ буцав даа?

-Өдөрлөгийн төгсгөлд ангийн багшаараа математикийн бодлого зөв аргачлалаар асуулт асууж, хэрчмээр зурж бодохыг заалгасан. Ёстой “жинхэнэ сурагчдадаа” ийн бодуулж хэвшүүлэх даалгавар аваад тарсандаа. Өдөрлөгийн үйл ажиллагаа маш ажил хэрэгч болсон. Ингээд Сэлэнгэ аймгийн II сургуулийн захиргаа, багш, ажилтнууддаа баярлалаа.

-Ярилцсан танд баярлалаа.



相关新闻