ОБЕГ-ын шуурхай бүлэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-28 13:06:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Ажлын баг тус аймгийн Алтанцөгц, Баяннуур, Бугат суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилтийг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, үүрэг чиглэл өглөө.

Үүнд:

- Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, хариуцлагыг сайжруулах;

- Өвчний тохиолдлын нөхцөл байдлыг үнэлэх, малын гоц халдварт өвчний тандалт үзлэгийг стандарт, холбогдох журмын дагуу хийх;

- Аймгийн түвшинд шүлхий өвчинтэй тэмцэх тактик, хариу арга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдөх;

- Малчдад мэдэгдэл хүргүүлж, хариуцлагыг сайжруулах, малчдын дунд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахыг чиглэл болголоо.

"Өнөөдрийн байдлаар Алтанцөгц, Бугат, Баяннуур суманд шүлхий өвчний голомттой байна. Хамгийн сүүлчийн мал энэ сарын 9-ний өдөр өвчилсөн. Нөхцөл байдлын хувьд тайвшрах болоогүй гэдэг нь харагдаж байна. Баян-Өлгий аймгийн 13 сумын хэмжээнд 15 мянган өрхийн 165 мянган толгой үхрийг вакцинжуулалтад хамруулахаас өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 63 хувьтай байна. Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг орон даяар тавдугаар сарын 5-ны өдрөөс наана хийж дуусгах ёстой. Шүлхий өвчинтэй тэмцэх гол арга хэмжээ бол хорио цээрийн дэглэмийг сахиулах байдаг. Хорио цээрийн дэглэмийг сайн сахиулж чадсан тохиолдолд энэ өвчнийг тархаахгүй голомтод нь устгах боломжтой. Хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, мал болон малын гаралтай түүхий эдийн шилжих хөдөлгөөнийг зогсоох нь хамгийн чухал" гэдгийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл хэллээ.

Малчдаас авах малын хөлийн татварын 50-иас дээш хувь нь мал сүргийг эрүүлжүүлэх, хамгаалахад зарцуулагддаг. Тус аймагт татварын тухайн төрлийн төвлөрүүлэлт хангалтгүй байгаа тул цаашид анхаарах шаардлагатайг тэрээр санууллаа.  

相关新闻