Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан үзлэгийн ортой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-27 18:34:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан тоног төхөөрөмжийг БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасагт суурилууллаа.

Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хуралд ирүүлсэн санал хүсэлтийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд нэн хэрэгцээтэй байсан үзлэгийн зориулалтын ор, тэргэнцэртэй иргэнд зориулсан жин зэргийг нийлүүлж байгаа юм.

Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд тэдэнд тохирсон тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал багагүй бэрхшээл учруулдаг болохыг БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун хэлж байв.

Иргэн А.Цэцэгмаа “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд нөхөн үржихүйн үзлэгт ороход ихээхэн хүндрэлтэй байдаг бол зориулалтын өндөрсгөж, намсгадаг ортой, тэргэнцэртэйгээ зогсох жинтэй болж байгаа нь маш чухал хөрөнгө оруулалт юм” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 19 суманд зохион байгуулж, 300 гаруй эмэгтэй хамрагдсанаас  нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай 40 гаруй эмэгтэйг 4 дүгээр сарын 30-ны өдөр нэгдсэн байдлаар үзлэг оношилгоонд хамруулахаар болжээ.

Аймгийн хэмжээнд хөдөлгөөний бэрхшээлтэй 898 иргэн байгаагийн 368 нь эмэгтэйчүүд юм. 

相关新闻