Аймгийн удирдлагууд Буянт сумын иргэдтэй уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-26 18:20:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан нараар ахалсан ажлын баг өнөөдрөөс хөдөө сумдад ажиллаж байна.

Хөдөө сумдын иргэд, малчдын амьдрал, ажил байдалтай танилцаж санал бодлыг нь сонсох, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой ажлын баг өнөөдөр аймгийн төвөөс 75 км зайд оршдог Буянт сумын иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, аймгийн нийгэм, эдийн засгийн болон хаваржилтын нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлуудын талаар иргэдэд мэдээлэл өгөв. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцууллаа.

Уулзалтын үеэр мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж энэ жил аймгийн "Хошой аварга малчин өрх"-өөр шалгарсан Баастын Жүүхүү, Тогталханы Алембек, "Аварга малчин"-аар тодорсон Очиржавын Гүнжил, Баяндэлгэрийн Магсаржав,  Мөнхийн Сүрэнхүү,  "Аварга саальчин"  болсон Бачулууны Наранцэцэг, Ахсолтаны Бибигүл нарын шагналыг гардуулан өгч баяр хүргэв.

Ажлын баг ирэх сарын 7-ны өдрийг хүртэл бүх сумаар тойрон ажиллана. 

相关新闻