Эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогод 189 байгууллагыг хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн эд
хөрөнгийн улсын үзлэг, тооллого”-ыг 2022 онд хийхээр шийдвэрлэсэнтэй
холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн Орон нутгийн
өмчийн газраас сургалт зохион байгууллаа.
Төрийн
болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдах албан
тушаалтнууд, санхүү, төрийн сангийн мэргэжилтнүүд, нягтлан бодогчид зэрэг 400
гаруй хүн өнөөдрийн сургалтад сууж, улсын үзлэг, тооллогыг хэрхэн зохион
байгуулах талаар мэдээлэл авсан юм.
Энэ
онд хийх үзлэг, тооллогоор
төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, хадгалалт,
хамгаалалтад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээг тогтоох, хөрөнгийн
чанар байдал, хадгалалт, хамгаалалт, үнэлгээ, бүртгэлд үнэлэлт өгөх, төрийн
өмчийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, улсын
бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах, мэдээллийн санг бүрдүүлэх зорилго
тавин ажиллаж байна.
2016
онд явуулсан улсын үзлэг, тооллогоор Өвөрхангай аймаг 175 байгууллагын 6.6
тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө, 227.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө
тоолуулж байсан бол энэ жил 189 байгууллагын 48.4 тэрбум төгрөгийн эргэлтийн
хөрөнгө, 385.6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийг хамруулахаар төлөвлөжээ.

