Баруун бүсийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох албаныхан сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Орон нутгийн бодлого төлөвлөлт ба үр дүнд суурилсан хяналтын тогтолцоо" сэдэвт бүсчилсэн сургалт дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Алтай хотноо болж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх" төсөл болон Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй бөгөөд дөрөвдүгээр сарын 25-нд Говь-Алтай аймагт, харин энэ сарын 28-нд Завхан аймагт болох юм.
Сургалтад Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, Хороодын дарга, Зөвлөлийн гишүүд болон ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд оролцож байна. Орон нутгийн хөгжлийн бодлого-төлөвлөлт, бүсийн хөгжлийн төлөвлөлт, орон нутгийн хэтийн төлөв, орон нутгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах асуудлууд, нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн хяналт, шалгалт, аудит хийхэд анхаарах асуудлууд гэх сэдвүүдийн хүрээнд өнөөдрийн сургалт үргэлжлэнэ хэмээн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас мэдээлэв.
Түүнчлэн сургалтаар аймгуудын өрсөлдөх чадварын индекс, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх арга зам сэдвээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэргэжилтэн Б.Мөнгөнжигүүр мэдээлэл, зөвлөмж өгөх юм. Өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 47.62 оноогоор 18 дугаар байрт эрэмбэлэгдсэн тухай судалгааны багийнхан танилцуулж байсан. Аймгуудын өрсөлдөх чадварыг үндсэн дөрвөн бүлгээр хэмждэг. Үүнээс Говь-Алтай аймаг эдийн засгийн тамир тэнхээгээр 50 оноогоор 15 дугаар байр, засаглалын үр ашгаар 56 оноогоор 12 дүгээр байр, бизнесийн үр ашгаар 28 оноогоор 20 дугаар байр, дэд бүтцийн хөгжлөөр 27 оноогоор 17 дугаар байрт тус тус эрэмбэлэгджээ. 2021 оныг 2020 оны үр дүнтэй харьцуулахад, Говь-Алтай аймгийн эдийн засгийн чадавх хамгийн их нэмэгдсэн бол харин бизнесийн үр ашгийн үзүүлэлтээр сүүл мушгиж буй аймгуудын тоонд багтжээ.