“Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК хэрэглээний усыг түгээхдээ литр тутамдаа 11 мөнгөний алдагдал хүлээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-04-21 16:54:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Түүнийг Орхон аймагт ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК хамтран зөвлөгөөн зохион байгуулж, ИТХ-ын нэр бүхий 6 төлөөлөгч, иргэдийн хүсэлтээр Усны үнэ нэмэгдсэн асуудалд бодит тайлбар өглөө.

 

Айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усыг 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс шинэчилсэн тарифаар тооцон авч байгаа. Өмнөх жилүүдэд нэг литр усны үнэ 98 мөнгө байсан бол шинэчилсэн тарифаар нэг литр усыг 1 төгрөг 47 мөнгөөр тооцон хэрэглэгчид нийлүүлж байна. Хэрэглэгчид нэг литр усыг дамжуулан, түгээхэд гарах үйл ажиллагааны зардал 62 мөнгө харин бодит өртөг нь 77 мөнгө байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэт ус, Дулаан түгээх сүлжээ ОНӨХК хэрэглээний усны үнийг нэмсэн ч нэг литр усыг хэрэглэгчид түгээхэд 11 мөнгөний алдагдал хүлээж байгаа юм.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь хэлэхдээ Монгол Улсын 21 аймаг дотроос хамгийн холоос усаа олборлодог аймаг нь Орхон аймаг хэрнээ үнийн хувьд бусад аймгийг бодвол харьцангуй хямд байна. Манай байгууллага хэрэглээний цэвэр, бохир усны үнийг нэмэгдүүлэхдээ хараат бус зарчмаар, хамгийн бага өртгөөр тооцдог гэдгийг хэлмээр байна. Усны үнийг нэмэхдээ хэрэглэгчдээс авсан судалгаа чинь үнэнд нийцэхгүй байна гэх асуудлыг иргэд хэлж байна. Тэгвэл иргэдээс усны үнийг нэмэх үү? гэдэг судалгааг хэн, хэзээ ч авахгүй.

 

Харин усны үнэ хэдэн төгрөг байвал та төлөх боломжтой вэ? гэх байдлаар судалгаа хийдэг. Гэхдээ хэн нэгэн байгууллагын хийсэн судалгааг үндэслэж усны үнийг нэмдэггүй. Өөр маш олон асуудлаас үүдэлтэйгээр үнэ нэмэгддэг. Намайг ажил авснаас хойш усны үнэ гурван удаа нэмэгдсэн. Зарим тохиолдолд усны үнэ нь хоёр дахин нэмэгдсэн аймгууд ч бий. Усны алдагдлаас үүдэлтэй танай аймаг өнөөдрийн байдлаар 11 тэрбум төгрөгийн өртэй байна. Цаашид “Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоход ойрхон байна гэлээ.



 

 

 

 

相关新闻