Залуучуудад чиглэсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр"-ийн 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд залуучуудын оюуны болон бие бялдрын
хөгжлийг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх зорилтын хүрээнд өсвөр насны охид болон
эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох онлайн 36 удаагийн
сургалтыг явуулж, 2544 өсвөр үе, хүүхдийг оролцуулжээ.
Мөн “Би хорт зуршилгүй залуу’’ аяны хүрээнд архи, тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх бүх төрлийн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, залуу сэтгэл зүйчидтэй хамтран “Сэтгэлийн дархлаа-2” аяны хүрээнд сэтгэлзүйн хямралаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэтгэл заслын ганцаарчилсан зөвлөгөөг 30 хүнд хүргэжээ.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт,
сайн дурын ажлыг дэмжих зорилтын хүрээнд залуучуудыг ажлын байранд холбон
зуучлах, мэргэжил сонголт, мэргэжлийн баримжаа олгох 12 удаагийн сургалт,
нөлөөллийн ажлыг зохион байгуулж, 651 залууг хамруулжээ. Үүний зэрэгцээ 21
залууг байнгын болон цагийн ажлын байранд зуучилсан байна.
Залуучуудын
хөгжил, оролцоог дэмжих, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх
боломж, нөхцөлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд залуус,
хүүхдүүдийнхээ сурах боломжийг өргөтгөх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх
зорилгоор амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой ч дээд боловсрол
амжилттай эзэмшиж байгаа 12 оюутныг аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт
хамруулсан байна. Мөн хорих ангид хүмүүжиж байгаа
залуучуудыг нийгэмшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж, номын хандивын
аяны хүрээнд хорих ангийн номын санг өргөжүүлжээ. Хорих ангид ял эдэлж
буй 10 залууд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, суллагдсан 2 залууг ажлын байранд холбон
зуучилсан гээд хийж хэрэгжүүлсэн, үр дүн гарсан олон ажлыг зохион байгуулжээ.