Томуу, томуу төст өвчлөл амбулаторийн үзлэгийн 10.4 хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-19 15:54:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл амбулаторийн үзлэгийн 10.4 хувийг эзэлж байна. Өвчлөлийн тархалт Бат-Өлзий, Хархорин суманд дэгдэлтийн түвшинд, бусад сум болон аймгийн хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.

Амьсгалын замын цочмог халдварын улмаас эмнэлэгт 10 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд аж. 4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд ханиад томууны өвчлөл өсөлттэй байгаа бол бусад насныхны дунд буурах хандлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Шивааннүрдэв хэллээ.

Томуу, томуу төст өвчлөлөөс  сэргийлэх  хамгийн  сайн  хамгаалалт  нь биеийн эсэргүүцэл  сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын  дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн,  ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах, гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн  аргуудыг хэрэглэх нь чухал гэдгийг эмнэлгийн байгууллагаас мэдээлж байна. 

相关新闻