УИХ-ын Анхдугаар чуулган энэ долоо хоногт хаана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Анхдугаар чуулган энэ долоо хоногт Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэнээр хаана.
Өнгөрөгч долоо хоногт Анхдугаар чуулганыг хаах төлөвлөгөөтэй байсан УИХ дахь АН-ын бүлэг дээрх асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авсан учир хойшилсон юм.
ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэр бүхий гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа холбогдох байгууллагууд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн юм. Уг томилгоог Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. Гэвч чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг төрийн албаны зөвлөлийн өмнөх гишүүд ээлжийн амралттай байгаа, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй зэрэг үндэслэлээр дахин нягталж, байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзэн завсарлага авсан юм.
АН-ын бүлгийн завсарлага энэ долоо хоногийн мягмар гарагт дуусах тул лхагва, эсвэл пүрэв гарагт УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, улмаар Анхдугаар чуулган хаалтаа хийх юм.
Дашрамд дурдахад өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилж, Засгийн газрын дөрвөн сайдыг томилж, УИХ-д ажлаа тайлагнадаг зарим байгууллагуудын дарга нарыг томилсон.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ