Хог хаягдлыг дахин боловсруулах санаачилгыг аймгаас дэмжиж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
орчны бохирдлыг бууруулах жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд орчны
бохидлыг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг төлөвлөөд байна.
“Баянтээг түлш” ОНӨХХК-ийн тоног
төхөөрөмжийг өргөтгөж, сайжруулсан шахмал түлшээр Арвайхээр сумын гэр хорооллын
айл өрхийг бүрэн хангах, тухайн өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг
суурилуулах, “Hunter” буюу утааны
бүхэллэг хэсгийг ионжуулах замаар цахилгаанжуулж, соронздох аргын утаа шүүх
технологийг том оврын 27 уурын зууханд суурилуулах ажил
хийнэ.
Мөн сум бүрт хог хаягдлын төвлөрсөн
цэгийг тохижуулж, хашаажуулах, камержуулах, аюултай хог хаягдлыг устгах, шатаах
цэг байгуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад жижиг оврын хог хаягдлыг ангилан
ялгах, хадгалах зориулалт бүхий хогийн сав байршуулах ажил хийх аж.
Малчдыг өвөлжөө, хаваржаа, зусландаа
ариун цэврийн байгууламжтай болох, ахуйн хог хаягдлаа төвлөрсөн хогийн цэгт аваачиж хаядаг хэвшлийг бий болгох, төв суурин газарт хаягдал цаас
боловсруулах, шахмал түлш хийх гэх мэт хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр,
цехүүд байгуулах санаачилгуудыг дэмжиж ажиллахаа төлөвлөгөөнд тусгажээ.