Цасан шуурганаар сураггүй болсон иргэдийг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-17 15:20:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт цас ахиу хэмжээтэй орж, баруун сумдаар 40-70 см, төвийн болон говийн сумдаар 15-30 см, зүүн сумдаар 5-8 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

4 дүгээр сарын 14-ний цасан шуурганаар Тарагт суманд малдаа явж байсан гурван хүн сураггүй болсныг 15-ны өглөө гэрийн ойролцоох саравчнаас олсон бол Баянгол сумын нэг иргэн гэрээсээ гарч сураггүй болсныг 15-ны өдөр айлаас олж, амь, эрүүл мэндийг нь авран хамгаалжээ.

Мөн 4 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу тэмцээнд оролцохоор явсан 23 хүүхэдтэй бага оврын автобус Хайрхандулаан сумын нутагт замаасаа гарч, хээр суусныг аймгийн ОБГ-ын алба хаагчид дуудлагаар очин тусламж үзүүлж, Нарийнтээл суманд хүргэж өгчээ. Арвайхээрээс Баянхонгор чиглэл рүү цас ихээр орсны улмаас 140 зорчигчтой 47 автомашин цасанд суусныг гаргаж, замыг чөлөөлсөн байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хур тунадасгүй, салхи ихэнх нутагт баруунаас 6-11 м/с, 15-20 градус дулаан байна. Энэ сарын 19, 20, 22, 23-нд дахин хур тунадас орж, салхи 12-14 м/с хүрч ширүүсэхийг УЦУОША-наас мэдээллээ. 

相关新闻