С.Бямбацогт: Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах эрхзүйн орчныг уян хатан болгох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-14 16:38:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Уг хуулийн төслийг УИХ-ын С.Бямбацогт нарын 14 гишүүн өнгөрсөн сарын 29-нд өргөн мэдүүлсэн юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.14-т “уул уурхайн ордыг ашиглалтад оруулж, өндөр технологийн хүнд үйлдвэрийн нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, метан хийн үйлдвэрлэл, технологийн паркийг барьж байгуулах”, 8.1.9-т “хөгжлийн ирээдүйтэй суурин газарт бүс нутгийн онцлог, нүүдлийн мал аж ахуйд тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн 33 паркийг бүсчлэн байгуулах” гэж заасан. УИХ-аас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2009 онд баталсан. Хууль хэрэгжиж эхлээд 13 жил өнгөрсөн боловч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна.


УИХ-ын Тамгын газраас хийсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээнд, “Засгийн газар паркийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор үнэт цаас гаргах, хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах зэрэг хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хууль хэрэгжихгүй байх шалтгаан болж байна. Парк хөгжих гол үндэс нь дэд бүтцийн бүтээн байгуулалт бөгөөд дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхгүйгээр дараагийн хөгжлийн асуудлыг хөндөх боломжгүй юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа парк одоогоор байхгүй байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаатай холбоотой юм. Иймд хэрэгжилт хангалтгүй учир хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай" гэж дүгнэжээ.


Хуулийг баталснаас хойш Засгийн газраас 11 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловч өнөөгийн байдлаар 7 паркийн үйл ажиллагаа нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна. Энэ нь хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой орчин бүрдээгүй, паркийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэж чадаагүй, паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгохоор хуульчилсан нь хөрөнгө оруулагчид урт хугацаанд хөрөнгө оруулах боломжийг хязгаарлах, болгоомжлол төрүүлэх, хөрөнгө оруулалтыг удаашруулах шалтгаан болсонтой холбоотой. Дээрх шаардлагуудын үүднээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон гэж хуулийн төсөл санаачлагч С.Бямбацогт танилцуулгадаа онцлов.


Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хуульд баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх зохицуулалт тусгасан эсэхийг тодруулав.


Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “2019 онд баталсан Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна. Паркууд байгуулж, нүүрсээ түүхийгээр нь гаргахаа боль, коксжуулъя. Төмрийн хүдрээ мөн адил угааж, баяжуулах гангийн үйлдвэр байгуулъя. "Эрдэнэт" үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалийг боловсруулж, зэс хайлуулах үйлдвэр байгуулъя. Ингэвэл Монголд тэрбумаар хэмжих ам.доллар орж ирэх юм байна. Тэгвэл валютын ханш өсөхгүй. Ийм эрх зүйн орчныг төр бодлогоор баталж өгөх ёстой” гэлээ.


Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үйлдвэрлэл, технологийн паркийг төр бус хувийн хэвшлийн компани байгуулж болох эсэхийг тодрууллаа.


Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах эрхзүйн орчныг уян хатан болгох ёстой гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцлов. Тэрбээр, “Стратегийн ач холбогдолтой парк төрийн өмчид байна. Хувийн хэвшил өөрөө чадвартай болж байгуулж болно. Гадаадын хөрөнгө оруулагчидтай ч хамтарч болно” хэмээв.


Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахад жижиг суурин, хотын хэмжээний асуудал шийдвэрлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир  дурдлаа. Өөрөөр хэлбэл, автозам, цэвэрлэх байгууламж, цахилгаанаас эхлээд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарна гэдгийг онцлов. Мөн дэд бүтцийн асуудлыг нь бүрэн шийдээгүйн улмаас өнгөрсөн хугацаанд дээрх хууль хэрэгжээгүй хэмээн шүүмжилсэн юм.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.3 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Чуулганаар Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

相关新闻