Б.Энх-Очир багш дааж авсан ангиа "Хүмүүн бичиг" сонины шилдэг захиалагчид болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-13 18:16:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Лаборатори Мэргэд сургуулийн 6в анги нь 2022 оны 2-р улиралд анги хамт олноороо МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг захиалан уншиж байна.

Ангийн багш Б.Энх-Очир нь боловсролын салбарт 12 жил ажиллаж байгаа, тэргүүлэх зэрэгтэй, Монгол хэлний багш бөгөөд "Хүмүүн бичиг" сониныг 14 жил тасралтгүй захиалж байгаа аж. Тиймээс анги, хамт олноо үндэсний бичгээр бүрэн уншиж, бичиж сургах зорилго тавьж, тус сониныг сурагчдын уншлагын хурдыг сайжруулах, танил бус эхээс уншуулж сургах, гар бичмэлийг дуурайн бичиж бичгийн хэв засах, багачуудын булангаас уншуулах зэргээр ашиглаж байна. Цаашид улам гүнзгийрүүлж таталган, бар, эвхмэл бичгийг уншуулж сургахаар төлөвлөж байгаа гэнэ.

Мөн сурагчдаа жигд, хоцрогдолгүй сургах үүднээс "Оноогоор уралдъя" аяныг зохион байгуулж, хүүхэд тус бүрийн даалгаврын гүйцэтгэл, минутад уншсан үгийн тоо, идэвх зүтгэл зэргийг оноожуулан улирал бүр байр эзлүүлэн урамшуулж байна.

Мэргэд сургуулийн 6в анги 38 сурагчтай. Тэдгээрээс Б.Есөннорзом, Б.Бүрэнтогтох, М.Дашдондог, М.Мөнхдулам, Г.Номин-Эрдэнэ, О.Энхжин, А.Азжаргал, Г.Даваабаатар нарын сурагчид анги, хамт олноо манлайлан монгол бичгээ маш сайн сурч байгаа юм. Тус ангийнхан Б.Энх-Очир багшийн дааж байсан ангиудаас "Хүмүүн бичиг" сонинд нийтлэгдэж буй гурав дахь анги нь ажээ.

相关新闻