Ш.Ганболд: Төрийн үйлчилгээг цахимжуулснаар өргөдөл, гомдлын тоо багассан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-04-13 09:43:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Төрийн байгууллага, албан тушаалтанд хандан иргэд цахим, бичиг, утсаар санал хүсэлт болон гомдол илгээдэг. Энэ гомдол, хүсэлтийн тоо 2021 оныг 2017 онтой харьцуулахад 50 хувиар буурсан байна. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболдоос тодрууллаа.


 -Төрийн байгууллагад хандаж өргөдөл, гомдол гаргаж буй иргэдийн тоо жилд дунджаар хэр их байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд төрийн байгууллага, албан тушаалтнуудад иргэдээс гаргаж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг улирал бүр гаргаж, бүтэн жилийн мэдээг ЗГХЭГ-т мэдээлдэг. Иргэдээс төрийн байгууллага, төрийн албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль-д мэдээ тайланг гаргаж тайлагнах ёстой гэж хуульчилсан байдаг. 2017 оны жилийн эцсийн дүнгээр аймгийн хэмжээнд төрийн байгууллагатай  холбоотой 29517  өргөдөл, гомдол ирж байсан бол 2021 онд 15246  өргөдөл ирсэн байна. 2017 онд иргэдээс ирүүлсэн  өргөдөл, гомдлын 99.4 хувийг, 2021 онд ирүүлсэн  өргөдөл, гомдлын 98.8 хувийг хуулийн хугацаанд  шийдвэрлэсэн. 2021 оны жилийн эцсийн  байдлаар  ирүүлсэн  өргөдөл, гомдлын тоог  өмнөх жилүүдтэй харьцуулахад 2017 оноос 14271-ээр, 2018 оноос 9953-аар, 2019 оноос 8749-өөр, 2020 оноос 3024-өөр бага байна. 

-Төрийн үйлчилгээг цахимжуулсан нь өргөдөл, гомдол буурахад нөлөөлсөн байх. Өөр шалтгаан нөхцөл байгаа юу?

-Төрийн үйлчилгээг цахимжуулсан нь иргэдийн явдал чирэгдлийг багасгасан. Мөн сүүлийн хоёр жил цар тахалтай байсан нь бас нөлөөлсөн. Өмнө нь иргэд төрийн байгууллагаас зайлшгүй өөрийн биеэр очиж өргөдөл, лавлагаа авдаг байсан бол одоо  Е-Mongolia  аппликейшн ашиглаж лавлагаа тодорхойлолтоо авдаг болсноор илүү хялбар болсон. Мөн  Е-Mongolia  төвийн хувьд 2022 оны нэгдүгээр улиралд 6000 орчим лавлагаа, тодорхойлолт  гаргаж, иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Ажлын нэг өдөрт 120 орчим иргэн тус төвд ханддаг гэсэн үг юм. 2021 онд 15246 өргөдөл, гомдол ирүүлсний дийлэнх буюу 35.3 хувь нь газрын харилцаатай холбоотой өргөдөл байсан. Анхан шатны нэгж баг, улсын бүртгэл, иргэний бүртгэлийн газарт хандахгүйгээр ТҮЦ машинаас иргэд лавлагаа тодорхойлолтоо авдаг болсон нь иргэдийн ажлыг их хөнгөвчилж байгаа. Манай аймаг шиг гурван ТҮЦ машин ажилладаг аймаг байхгүй. Сард 2000, улиралд 6000 орчим иргэн ТҮЦ машинаар үйлчлүүлж байна. 

相关新闻