Энэ зун Өвөрхангай аймагт зохион байгуулах эвентүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-12 17:26:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд Өвөрхангай аймагт аялал жуулчлалын чиглэлээр таван төрлийн томоохон үйл ажиллагааг явуулна.

Аймгийн БОАЖГ, “Дэлхийн өв – Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбооноос бусад байгууллагатай хамтран “Адууны баяр”-ыг 7 дугаар сарын 2, 3-ны өдөр зохион байгуулах бөгөөд хурдан морины уралдаан, адууны гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох юм.

Мөн эртний нийслэл Хархорум хот, нүүдэлчдийн түүх, зан заншил, өв соёлыг харуулахыг зорьдог “Торгоны зам - Хархорум” эвентийг 7 дугаар сарын 15-17-ны өдөр Хархорин сумын Эрдэнэзуу музейн гадна талбайд зохион байгуулна. Мөн 7 дугаар сарын 22-ны өдөр Хужирт сумын “Тээлийн Ам” хэмээх газарт “Монгол эсгий урлалын баяр”-ыг уламжлал ёсоор зохион байгуулах ба нүүдэлчин соёл, арга ухаанаар эсгий хийх зан үйлийг сурталчилж, эсгийгээр хийсэн гар урлал, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг явуулах аж.

Мөн 7 дугаар сарын 23-ны өдөр Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт “Сарлагийн баяр”-ыг хийж, сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээн, үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулна.

Бат-Өлзий сумын Улаанцутгалангийн мөсөн хананд авирах тэмцээн 12 дугаар сарын 4, 5-ны өдөр болох бөгөөд энэ үеэр сарлагийн бооцоот уралдаан, мөсөн дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ

相关新闻