Австрийн Канцлер даваа гарагт В.Путинтэй уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЕНА. /Reuters/. Австрийн Канцлер Карл Нехаммер ОХУ-ын Ерөнхийлөгч
Владимир Путинтэй даваа гарагт уулзана гэж Австрийн Засгийн газрын хэвлэлийн
төлөөлөгч мэдээлжээ. Орос Украин руу хоёрдугаар сарын 24-нд довтолсноос хойш
В.Путин Европын Холбооны гишүүн орны удирдагчтай хийх анхны нүүр тулсан уулзалт энэ болно.
“Миний бие В.Путинтэй Москва хотноо маргааш уулзана” гэж К.Нехаммер “Twitter” хуудсандаа нийтэлжээ.
“Бид цэргийн
харилцаанд төвийг сахьсан байр суурь баримталдаг хэдий ч Украины эсрэг түрэмгий
дайны хувьд тодорхой байр суурьтай байна. Үүнийг зогсоох ёстой. Хүмүүнлэгийн
зурвас байгуулж, гал зогсоож, дайны гэмт хэргийг мөрдөн шалгах хэрэгтэй” гэж
тэрбээр бичсэн байна.
В.Путин
К.Нехаммертай даваа гарагт хэлэлцээ хийнэ гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч
Дмитрий Песков мөн “RIA Novosti” агентлагт батлан мэдээлжээ. Австрийн Канцер бямба гарагт Украинд айлчлан
тус улсын төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй уулзсан байна.
К.Нехаммер Москвад хийх айлчлалынхаа талаар Европын Комиссын тэргүүн Урсула
фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Германы Канцлер Олаф Шольц, Туркийн
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Украины Ерөнхийлөгч Владмир Зеленский зэрэг Европын
“Европын түншүүд”-тэйгээ ярилцсан гэдгээ “Twitter” хуудсаараа мэдээлжээ.