Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-29 22:19:22

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг томиллоо.

Хэлэлцүүлгийн эхэнд нэр дэвшигчийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг сонсов. Үүний дараа гишүүд нэр дэвшигчид хандаж асуулт асууж, салбартаа хийвэл зохих зарим асуудлаар саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Монгол Улсын хөгжлийн гарц МАА, газар тариалан. Иймээс малын үүлдэр угсааг сайжруулах, малын тоо толгойноос илүү чанарт анхаарах, малыг эрүүлжүүлж вакцинжуулахад онцгой анхаарал хандуулах, МАА-д суурилсан боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах зэргээс ажлаа эхлээрэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, "Таны удирдах яам бол хүнс, ХАА салбарыг удирдахын зэрэгцээ хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг давхар шийдэж байдаг юм шүү" хэмээн зөвлөж байв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар сайдын ажлаа авсаны дараа хийх голлох ажил юу байх талаар тодруулсан. Нэр дэвшигч П.Сэргэлэн энэхүү асуултад, "Хамгийн түрүүнд ХАА-н салбарт шинжлэх ухаанчаар хандана. Иймээс салбарын эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын төлөвлөгөөгөө гаргана. Мөн малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарч ажиллана" хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, "Монгол Улс нийт малын 51,9 сая тоо толгойд хүрсэн. Иймд хөрш орнуудын зүгээс тавьж буй МАА-н хорио цээрийн шаардлагыг хангах тал дээр анхаарч ажиллаарай" хэмээн захьсан бол УИХ-ын гишүүн М.Билэгт, "Малын тоо толгой өмнө нь байгаагүйгээрээ өссөн. Гэтэл малчдын амьдрал өмнө байгаагүйгээрээ унаад байна. Тиймээс хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдэд онцгойлон анхаарах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, улмаар малчдыг тогтвортой орлоготой болгоход анхаарах шаардлагатай гэдгийг хэллээ. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад 96,6 хувь нь дэмжив.

П.Сэргэлэнгийн намтар

Тэрбээр 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгсчээ. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан байна. Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

Б.Туул

相关新闻