"Хунт нуур" балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-24 17:01:05

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. "Хунт нуур" балет УДБЭТ-ын тайзнаа тавигдсаны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.


"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн байдгаараа онцлог юм.


Энэ талаар УДБЭТ-ын захирал МУГЖ Д.Алтанхуяг ярихдаа, "Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван балет бичсэн. Үүний дотроос “Хунт нуур” балетыг дэлхийн сонгодог балетын оргил гэж үздэг. “Хунт нуур” балетын 50 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Буриадын театрын уран бүтээлчдийг энэ сарын 26,27-нд урьж Буриадын театрын тавилтаар, 28-нд өөрийн театрын тавилтаар 203 дахь удаагаа тоглох гэж буйгаараа онцлогтой. ОХУ-ын Буриадын театрын ерөнхий балетмейстр ОХУ-ын гавьяат жүжигчин Дамбаев Баярто, балетын гоцлооч Ямада Харука, Ванданов Эльдар, Богданова Александра, Болтанов Алдар зэрэг 60 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирээд байна" гэв.


"Хунт нуур" балетыг  1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, балетмейстер Б.Жамьяндагвын дэглэлт,  Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглож, тайзын ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байжээ. Мөн балетын гол дүрүүдэд УДБЭТ-ын үе үеийн балетын гоцлол бүжигчид тоглож байв. 50 жилийн өмнө анх удаа энэхүү балетын гол дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун (Одетта, Одиллия), Гавьяат жүжигчин Э.Оюунбат (Зигфрид), Гавьяат жүжигчин Н.Баатар (Ротбарт), Ардын жүжигчин О.Ганбаатар (Алиа салбадай) нар бүтээжээ.


Тус балетын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд балетын анхны болон 50 жилийн турш гоцлон бүжиглэсэн гоцлол бүжигчид, хөгжимчид болон уран бүтээлийн удирдлагуудыг урьж хүндэтгэл илэрхийлэх аж.


 

 

相关新闻