М.Анхбаяр: Сурсан зүйлээ ажил болгож, ослыг “0” болгохын төлөө хамтран ажиллацгаая
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны
хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа
төлөвшүүлье” сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтыг танхимаар болон цахимаар явуулж байгаа ба байгууллага,
аж ахуйн нэгжийн удирдлагууд 70 гаруй хүн танхимаар, хөдөөгийн сумын холбогдох
алба хаагчид цахимаар оролцож байна.
Сургалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын
дарга Ц.Янжинлхам, ХАБ-ын эрүүл мэндийн
төвийн мэргэжилтэн Ц.Ариунзаяа, Т.Түвшинзул, Мэргэжлийн өвчин судлалын чанарын
менежер Ц.Сансарцэцэг нар оролцож, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын
тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл,
урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвүүдээр мэдээлэл өгч байна.
Сургалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр
хэлсэн үгэндээ үйлдвэрлэлийн ослын дийлэнх хувь нь эрчим хүч, уул уурхайн
салбарт гарч, осол гэмтлийн тоо буурахгүй гарсаар байгаад шат шатандаа анхаарч
ажиллах ёстой гэдгийг онцолж, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд
өнөөдрийн сурсан зүйлээ ажил болгож, ослыг “0” болгохын төлөө хичээж, хамтран
ажиллахыг уриалжээ.
Дундговь аймагт
520 орчим аж ахуйн нэгж байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа
бөгөөд тэдгээрээс 130 байгууллага нь 20-оос дээш ажилтантай. Хөдөлмөрийн сайдын
А/114 дүгээр тушаалд 20-оос дээш ажилтантай байгууллага Хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн зөвлөлтэй байхаар тусгасан байдаг бөгөөд тус аймгийн хувьд
дээрх байгууллагуудын 50 хүрэхгүй хувь нь дээрх зөвлөлийг байгуулан ажиллаж
байгаа юм.
Энэхүү аяны хүрээнд байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн зөвлөл байгуулах нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах аж.