Б.Мөнхтөр: Жилд тариалж байгаа нийт талбайн 10-15 хувьд нь мал аж ахуйн улмаас хохирол үүсэж байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-08 00:00:52

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Бэлчээрийн тогтвортой менежмент, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн холбогдох албаны хүмүүс оролцсон сургалт, семинарыг Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. Энэ сарын 6-ны өдөр болсон дээрх үйл ажиллагаанд Засгийн газрын ахлах референт П.Энхсайхан, ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа болон холбогдох албаны хүмүүс, газар тариалан, мал аж ахуйн төлөөлөл оролцлоо.  

Үйл ажиллагааны хүрээнд “Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт хэрэгжилт” илтгэлийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, “Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь тариалангийн салбарын онцлог” илтгэлийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Бямбадорж, “Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, хэрэгжилт” илтгэлийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бямбадорж нар танилцууллаа. Сургалт, семинарын хүрэээнд илтгэл мэдээллүүдтэй холбогдуулан оролцогчид саналаа хэлж, асуулт хариулт хэлэлцүүлгийг өрнүүлж байлаа. Оролцогчдын зүгээс татварын хэмжээг тодорхой болгох, эрчимжсэн МАА-г хөгжүүлж байгаа бол малын тэжээлийн үйлдвэрийг орон нутагт байгуулах. Мөн сайн үүлдрийн хээлтүүлэгчийг бодлогоор оруулж ирэх, тариалангийн талбайг хамгаалах, хашаажуулах, малчид малаа эзэнтэй бэлчээх, нядалгааны цех байгуулах, ашиглаж байгаа газартаа төлбөрөө төлөх зэрэг олон асуудлыг төрөөс тодорхой шийдэж өгөхийг хүсэж байлаа.

Сэлэнгэ аймгийн нийт нутаг, бэлчээрийн хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлангийн талбай 1.7 сая га талбай байдаг. 2021 оны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн дүнгээр Сэлэнгэ аймаг 73 аж ахуйн нэгж,  5451 малчин, 4907 мал бүхий өрхөд 1887735 толгой мал тоологдсон нь өнгөрсөн оныхоос 3.6 хувь буюу 69.2 мянган толгой малаар өссөн байна. Мал сүрэг ямаанаас бусад 4 төрөл дээр өссөн ямаан сүргийн тоо 33.9 мянган толгойгоор буурчээ.

Нийт мал сүргийн 46.4 хувь буюу 875993 толгой хээлтэгч буюу эх мал байгаа аж. Малын төрлөөр авч үзвэл 467 тэмээ, адуу 119931, 281565 үхэр, 849736 хонь, 635036 ямаа тоологджээ. Сэлэнгэ аймгийн 2021 оны 1.8 сая малыг хонин толгойд шилжүүлэхэд /3.6 сая хонин толгой/ болж байгаа аж. Энэ нь бэлчээрийн нийт багтаамжид оногдох зохист хэмжээнээс 1.1 сая толгойгоор, даац 2.8 дахин хэтэрсэн байна. Мөн Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр 490 иргэн, аж ахуйн нэгж, үүнээс 10 суманд 20 аж ахуйн нэгж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Малын тоо толгой, албан татварын тухай” хуулийн дагуу 2021 оны жилийн эцэст тоологдсон малын тоогоор аймгийн хэмжээнд 2 тэрбум 400 сая төгрөгийн татвар төвлөрхөөр тооцоо судалгаа гарчээ.

Гэвч өнөөдрийн байдлаар 1 тэрбум 400 сая төгрөгийн татвар төвлөрч 834.0 сая төгрөгийг мал аж ахуйн салбарт зарцуулахаар төлөвлөж, тодорхой үр дүн гарсан байна. Сэлэнгэ аймгийн малын тоо толгой өсөж, бэлчээрийн даац 2.8 дахин хэтэрснээс үүдэн суурин, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх зайлшгүй шаардлагатай байгаа гэж аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр ярьж байна. Мөн тэрээр: ”Бид Ургамлын хүрээлэн, газрын алба, ХХААГ хамтран сумдад малын тэжээл тариалах боломжтой талбайн судалгаа гаргахаар ажиллаж байгаа. “Төсвийн тухай хууль”-ийн 60.2.8 нэмэлт заалт орсны дагуу энэхүү орлогын эх үүсвэрийг мал аж ахуйн дээрх зардалд зарцуулна гэж заасан. Сэлэнгэ аймгийн 9 суманд 476.2 сая төгрөгөөр бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, усжуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. 2021 онд малчдын түвшин 155.6 мян.тн байгалийн хадлан, тэжээлийн ургамал 30.5 мян.тн бэлтгэсэн байгаа. Аймгийн хэмжээнд малын тэжээл үйлдвэрлэдэг 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэжээл үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Малын тооны энгийн өсөлтөөс гадна отор нүүдлээр ирээд буцаж нүүдэггүй, шилжин ирэх хөдөлгөөнөөс үүдэх механик өсөлт байсаар байна. Тухайлбал Жавхлант, Сайхан, Хушаат, Баянгол, Орхон суманд хил залгаа Дархан-Уул аймгийн малчид, Баруунбүрэн, Орхонтуул суманд Орхон аймгийн малчид жилийн 4 улирлын туршид дээрх сумдын бэлчээрийг ашиглаж байгаа нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлж байна.

“Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Даван туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” RCP төсөлтэй хамтран Зүүнбүрэн, Шаамар, Хушаат сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулсан. Мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн хоорондын зөрчил жил ирэх тусам нэмэгдсээр байна. Зөрчил хохирлыг 3 яамны хохирол тооцох аргачлал, зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх ёстой ч өнөөдрийн байдлаар мал аж ахуй эрхлэгч, тариаланч хоорондын тохирцоогоор шийдвэрлээд явж байгаа. Жилд 180-190 мян.га-д тариалалт хийдэг. Үүний 10-15 хувьд нь мал аж ахуйн улмаас хохирол үүсэж  байна” гэлээ.  

Улсын хэмжээнд Малын тоо толгойн албан татвараар нийтдээ 15.3 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших дүн мэдээ аж. Малын тоо толгойн албан татвараар төвлөрч буй хөрөнгийг орон нутагт нь буюу  малчдад өөрсдөд нь зарцуулах хуулийн зохицуулалттай юм. Энэ үйл ажиллагааг аймаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга нар газар дээр нь хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээж байгаа аж.

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг гэгддэг. Тэр утгаараа малчид тариаланчдын хувьд газар тариалан эрхлэх, малчдын мал сүргээ бэлчээх газрыг тогтоох, харилцан эрх ашгийг нь хангах чиглэлд төрийн зохицуулалт нэн шаардлагатай байгаа юм. Дархан Сэлэнгийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуйг  үе шаттайгаар гаргаж, өөр аймаг сум руу нүүлгэх бодлогыг салбарын яамнаас баримталж байгаа гэдгийг албаны хүн хэлж байлаа. Ингэснээр хөрсний чанар, хангамж нэмэгдэж, малчид тариаланчдын дунд үүсдэг үл ойлголцол арилна хэмээн үзэж байгаа аж. Тиймээс энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр “Бэлчээрийн тогтвортой менежмент, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах” чиглэлд хэрхэн хамтарч ажиллах, тариаланч, малчдын эрх ашгийг зөв зохистойгоор шийдвэрлэхэд ямар зохицуулалт хийж болох талаар ийн санал солилцон ярилцаж байгаа ажээ. 



相关新闻