“Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-аас аймгийнхаа сургуулиудын сургалтын
таатай орчныг бүрдүүлэх, сургалтын байгууллагуудыг тоног төхөөрөмж, сургалтын
хэрэглэгдэхүүнээр хангах нэгдсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж
байна. Ингэснээр сургалтын чанар, үр дүн дээшилж, тодорхой ахиц гарна хэмээн үзжээ.
Энэ ч утгаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 60 дугаар тогтоолоор “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээг баталсан байна. Энэхүү ажлын хүрээнд аймгийн хөрөнгө оруулалтаар 16 сургууль, 13 цэцэрлэг 6 нэр төрлийн 50 ширхэг 150 сая төгрөгийн өртөг бүхий үдийн цай, дотуур байрны гал тогоо, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжтэй боллоо. Энэхүү төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Аймгийн ИТХ-аас баталсан уг арга хэмжээ нь ерөнхий боловсролын
сургуулийн үдийн цай, дотуур байрны гал тогоо, цэцэрлэгийн гал тогоог нэн
шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, суурь, бүрэн дунд боловсрол
эзэмшүүлэхэд шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх.
Улмаар зарим сургуулийг байгалийн ухааны кабинеттэй болгох, багш нарын цахимаар
ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлж, зөөврийн компьютерээр хангах, суралцагчдын
сурах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг хэд хэдэн зорилтыг багтааж байгаагаараа
онцлогтой юм.
“Сургалтын
байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээ нь 2021-2024 онд аймгийн хэмжээний
Ерөнхий боловсролын 34 сургууль, 38 цэцэрлэгийг хамран үе шаттайгаар хэрэгжих
юм.