Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 10 жилийн дараа дахин Сэлэнгэ аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбооны 2022 оны идэрчүүдийн улсын
аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт энэ сарын 5-ны өдөр эхэлнэ. Үүнтэй
холбогдуулан тус тэмцээний
техникийн зөвлөгөөн аймгийн ЗДТГ-ын хурилын их танхимд боллоо. Тус зөвлөгөөнийг
аймгийн Засаг даргын орлогч, тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч
Ц.Рэгзэдмаа нээж баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн маргааш эхэлж, спортын 6
зааланд нэгэн зэрэг явагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй 64 баг мэдүүлэг өгч
бүртгүүлээд байна. Техникийн зөвлөгөөн эхлэхийн өмнө тэмцээнд оролцохоор ирсэн
багш, дасгалжуулагчдад МУБИС-БТС-ийн волейболын багш, дасгалжуулагч ОУХМ
Р.Тамираа "Волейболын нэмэлт хөтөлбөр" сэдвээр мэдээлэл өглөө.
Энэ сарын 5-12-ны өдрүүдэд
зохион байгуулах Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний ерөнхий
шүүгч, Монголын волейболын холбооны улсын шүүгч Ц.Батбаатартай уулзаж энэ
удаагийн тэмцээний онцлог болоод, анхаарах зарим асуудлын талаар тодруулга
авлаа.
-Энэ удаагийн тэмцээний
онцлог юу байна. Хэчнээн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна вэ?
-Монголын волейболын
холбооны 2022 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ удаа Сэлэнгэ
аймагт зохион байгуулагдахаар өнөөдөр техникийн зөвлөгөөнөө хийж байна. Энэ удаагийн
тэмцээнд хөдөө орон нутгаас маш олон багууд ирсэн байна. Тухайлбал, алс баруун
хязгаар хамгийн хол Баян-Өлгий аймгаас маш өндөр нуруулаг хүүхдүүдтэй баг ирсэн
харагдаж байна. Энэ тэмцээний онцлог гэх юм бол өсвөрийн сайн сайн тамирчид
дээшээ дэвшиж идэрчүүдэд орж тоглож байна. Тухайлбал, улсын аваргад түрүүлж
байсан Улаанбаатар хотын 21-р сургуулийн маш мундаг баг ирсэн байгаа. Тэмцээн 6
зааланд болно. Цаг агаар хүйтэн байна. Иймээс багш нарт анхааруулахад хүүхдүүдийг
маш дулаан байлгах, даарах хөрөхөөс болон бусад асуудлаас хамгаалах, анхаарах асуудлыг
зөвлөж байна. Мөн халдвар хамгааллын асуудлыг маш нарийн сахихыг зөвлөж байгаа.
Сэлэнгэ аймаг өөрөө энэ тал дээр маш хариуцлагатай аймаг. Мөн үүнийг мөн багш,
дасгалжуулагч нарт давхар хэлмээр байна.
-Хичнээн баг ирсэн оролцох
гэж байна вэ?
-Энэ удаагийн тэмцээнд
одоогоор ойролцоогоор 60 гаруй баг оролцохоор байна. Тэгэхээр энэ тэмцээнд нийт
700-гаад хүүхэд ирж оролцож байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүдийн бэртэл гэмтэл,
аюулгүй байдлыг ханган ажиллахыг багш, дасгалжуулагч нарт давхар анхааруулж
байна.
-Идэрчүүдийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн чадвар чансааг хэрхэн сонгож
авдаг вэ? Энэ тэмцээн өмнө орон нутагт болж байв уу?
-Идэрчүүдийн улсын аварга
шалгаруулах тэмцээнд ордог хүүхдүүд, тамирчид бол волейболын спортоор
хичээллээд жигдэрчихсэн, дасгал сургуулиа маш сайн хийдэг. Жишээ нь 21-р
сургууль болон бусад багуудаас дээд лигт орж тоглох эрхийг авсан байдаг. Тэгэхээр
ур чадвар нь бүрэн нээгдсэн хүүхдүүд ордог гэдгээрээ бас онцлогтой. Энэ тэмцээн
өмнө 2012 онд Сэлэнгэ аймагт болж байсан. Энэ удаа 10 жилийн дараа хоёр дахь
удаагаа болох гэж байна. Монголын Волейболын холбоотой хамтарч маш олон
уралдаан тэмцээнүүдийг авдаг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ-т шүүгч хүний
хувьд маш их баярлаж байна. Ажлын амжилт хүсье.