Бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-03 10:12:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн О.Амгаланбаатарын ивээл дор дэлгэцийн донтолтын хор хөнөөлийг хүүхдүүдэд ойлгуулан, бага наснаас нь эрүүл дадалд сургах зорилготой тус аяныг аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байна. 

Аянд аймгийн нийт СӨБ-ын 31 байгууллагын 2900 хүүхэд, тэдгээрийн бүлэг хариуцсан багш нар, эцэг эхчүүд хамрагдаж байгаа юм.  Багш, хүүхэд, эцэг эх гэсэн гурвалсан холбоонд суурилан хэрэгжиж буй энэхүү аян “Дэлгэцийн донтолт-бодит аюул” үндэсний хэмжээний төслийн хүрээнд өрнөж байгаа тухай төслийг хэрэгжүүлэгч “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-аас мэдээлэв. 


Төслийн хүрээнд цэцэрлэгийн багш нар “Хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх арга замууд” сэдэвт багц сургалтад хамрагдаж, цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн 2900 хүүхдэд “Дэлгэцээс холдуулах дадлууд” ном тараажээ. Энэхүү номоор дамжуулан цэцэрлэгийн насны хүүхдүүдэд цуврал сургалт хийж, эцэг эхчүүдэд зориулан дэлгэцийн донтолтоос үр хүүхдээ хамгаалан амьд харилцааг эрхэмлэхийг уриалсан цахим нөлөөллийн аян өрнүүлсэн байна. 

Дэлхий нийтээр далд хэлбэрээр газар авч буй дэлгэцийн донтолт бол хүүхдийн бие махбодь болоод сэтгэл зүйд олон сөрөг нөлөө үзүүлдэг өвчин учир эцэх эх, амран хамгаалагч нар хүүхдэдээ тогтмол цаг гарган, амьд харилцааг эрхэмлэхийг уриаллаа.


相关新闻