“Зөвийг зөвлөе-зөрчлийг засуулъя” үйл ажиллагаа сумдад өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-02 14:48:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн бүх суманд “Зөвийг зөвлөе-зөрчлийг засуулъя” 4z үйл ажиллагааг өрнүүлнэ. 

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан зохион байгуулж буй “Зөвийг зөвлөе-зөрчлийг засуулъя” 4z үйл ажиллагаа сумдад тусгай хуваарийн дагуу үргэлжилж байна.  

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын баг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Манхан суманд ажиллалаа. Энэ бол тус ажлын багийнхны очсон хоёр дахь сум юм.   

Энэ үеэр сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, хүнсний дэлгүүр, цайны газруудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг хангах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллав.      

Ховд аймгийн нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд Мэргэжлийн хяналтын газрын эрхэм зорилго чиглэж байна. Энэ утгаараа хяналт шалгалтын бодлого, стратегийг өөрчилж, аливаа эрсдэл, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөгөө мэдээллээр иргэдийг хангаж, чадавхжуулж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газраас хийж буй онцлох ажлууд, цаашдын зорилго, зорилт болон Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төрийн бодлого, шийдвэрийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд ундны ус хадгалах савны эрүүл ахуй, орчны эрүүл ахуй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хамгааллын холбогдолтой тэтгэвэр, тэтгэмжийн өөрчлөлтүүд, хөдөлмөрийн хяналт, түүний үндсэн чиг үүрэг, цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, байгаль орчны чиглэлээр илэрч буй зөрчил, зарим анхаарах асуудлуудын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн сургалтад 50 гаруй хүн оролцсон бөгөөд аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоо бүхий судалгаа, санал хүсэлтийг иргэдээс нээлттэй хүлээн авч, зарим асуултад хариулт өгөв.  

         

        Авто замын засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлын явцад иргэдийн хяналт чухал үүрэгтэй 


Энэ үеэр авто замын засвар үйлчилгээний ажлын явцад тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, зөрчлөөс сэргийлэх-зөвлөн туслах ажлыг цаашид тодорхой давтамжтай зохион байгуулж хэвших, сургуулийн орчинд зарж байгаа бүтээгдэхүүн, хоол хүнсний эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх, барилга бүтээн байгуулалтын ажлын явцад иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллага болон иргэдийн хамтын оролцоог бэхжүүлэх, хүнсний байгууллагын ажилтнууд эрүүл мэндийн урьдчилсан шинжилгээнд хамрагдах, бүтээгдэхүүний хаяг, хадгалах хугацааг шалгаж байх гэх мэт олон саналыг иргэд хэллээ. 

Иргэдийн гаргасан санал хүсэлтийг цаашдын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, шийдвэрлэх чиглэлд Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа.  

相关新闻