Ерөө сумын "Ялбагын гол"-д Оюу толгой компани нөхөн сэргээлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-01 20:53:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Ялбагын гол" уул уурхайн улмаас 340 орчим га газар эвдэрсэн байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд эвдэрсэн энэхүү газрыг “Оюу толгой” компани 2022-2025 оны хооронд нөхөн сэргээж, мод тарих аж.

Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай тус компанийн зүгээс гурвалсан гэрээ байгуулжээ. Тус талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг "Оюу толгой" компани өөрөө сонгон шалгаруулах аж. Энд дахин нөхөн сэргээлт хийх нэрийдлээр газар ухуулахгүй, мөн алтыг нь аваад газраа нөхөн сэргээгээгүй компаниудад хариуцлага тооцож нөхөн төлбөрийг нь гаргуулах ажээ. Эл үйл ажиллагааг Байгаль орчин аялал жуулчлалын яам хэрэгжүүлэх юм байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 30.7 мянган га газар эвдэрсэн байдаг аж. Үүний 28970 орчим га газар нь уул уурхайн улмаас эвдэрчээ. Иймээс 2025 он хүртэл 8000 га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөжээ.


相关新闻