Тэмцээний ялагч баг “FIBA 3X3 WORLD TOUR” мэргэжлийн тэмцээнд оролцох эрхтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо ”Энержи 3X3 лиг 2022”
сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Сагсан
бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх үүднээс Монголын Үндэсний сагсан бөмбөгийн
холбоо болон Энержи 3Х3 мэргэжлийн сагсан бөмбөгийн клубүүд хамтран +18 насны эрэгтэйчүүдийн
“Энержи 3X3 лиг 2022” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг орон
нутагт зохион байгуулж байгаа ажээ.
Сагсан бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, залуусын хүсэл тэмүүллийг хөгжүүлэх зорилготой 3 дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээн энэ жилээс хүрээгээ тэлж бүсчилсэн байдлаар орон нутагт болж байна. Тэмцээнд 19 баг хүч тэнцүү ширүүхэн өрсөлдөж байна. Энэхүү аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан хоёр баг “Энержи 3X3 лиг Дархан Стоп-1” тэмцээнд оролцох эрхтэй болох аж. Мөн Стоп тус бүрийн эхний гурван байрт орсон багууд тэмцээний сүүлийн шилдэг 12-т шалгарах юм. Түүнчлэн тэмцээний ялагч баг Манила хотод болох “FIBA 3X3 WORLD TOUR” мэргэжлийн тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Энержи Ресурс” ХХК ажиллаж байна.










